НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын цэргүүд Украины дайнд оролцох асуудлаар хуралдаж байна


НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “Орос Украины мөргөлдөөнд Умард Солонгосын цэргүүд оролцох асуудал”-аар өнөөдөр хуралдаж байна.

Өмнө нь “БНАСАУ Орос руу цэргээ илгээж байна” гэсэн мэдээлэл олон улсад цацагдаж, Өмнөд Солонгос болон Украин улсууд энэ талаар олон удаа дурьдаж байсан ч Оросын тал үүнийг үгүйсгэж, “үндэслэлгүй цуурхал” гэж байсан юм.

Тэгвэл өнөөдөр болж байгаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр НҮБ-ын ЕНБД-ын Европ, Төв Ази, Америкийг хариуцсан орлогч Мирослав Женка “Бид БНАСАУ-ын цэргүүд ОХУ-д дайчлагдан ирж, мөргөлдөөний талбарт илгээгдэж болзошгүй тухай сүүлийн үеийн мэдээ, мэдээлэлд маш их санаа зовж байна” хэмээн хэлсэн ч НҮБ-д энэ талаар нэмэлт мэдээлэл байхгүй байгааг тодотгож, “дээрх мэдээллийг зөв эсэхийг нягтлах болон батлах үүрэг хүлээгээгүй” гэдгийг нэмж хэлсэн байна.

Мөн тэрээр дээрх мэдээлэл нь зөрчил мөргөлдөөнийг улам хурцатгаж байгааг онцолж, Украины дайныг гааруулахгүй байхын төлөө ажиллахыг бүхий л талуудад уриаллаа. 

БНАСАУ-ын Гадаад хэргийн яам энэ сарын 25-нд хийсэн мэдэгдэлдээ “БНАСАУ-ын Батлан хамгаалах яамны үйл ажиллагаанд БНАСАУ-ын Гадаад хэргийн яам шууд хөндлөнгөөс оролцохгүй, энэ асуудлыг тусад нь батлах шаардлагагүй” гэсэн юм.

Харин НҮБ-д суугаа ОХУ-ын Элчин сайд, Байнгын төлөөлөгч Василий Небензя Умард Солонгосын цэргүүд Украины дайны галын шугаманд очиж, ОХУ-д дэмжлэг, туслалцаа үзүүлж байна гэх мэдээллийг няцааж, энэхүү буруу ташаа мэдээллийг тарааж байгаа явдалд АНУ болон Их Британийг буруутгасан байна. Түүнчлэн ОХУ-БНАСАУ-ын харилцаа олон улсын эрхзүйн хэм хэмжээний дагуу явагдаж байгааг тодотгожээ.

Мөн тэрээр “бидний эсрэг тарааж байгаа Америкийн дээрх мэдээлэл үнэн байлаа ч гэсэн яагаад АНУ болон түүний холбоотнууд Зеленскийгийн дэглэмийг дэмжих эрхтэй хэмээн дэлхийд ойлгуулж байхад ОХУ-ын холбоотнууд бидэнд дэмжлэг, туслалцаа үзүүлэх эрх байхгүй гэж” хэмээн хэлсэн байна.  

Өнгөрсөн мягмар гаригт Пентагоны зүгээс Умард Солонгосын “цөөн тооны” цэрэг ОХУ-ын Курскийн бүс нутагт, Украины хилтэй ойрхон очсон байж болзошгүй тухай мэдээлсэн юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр мөн АНУ-ын холбоотон Их Британийн зүгээс үүсээд байгаа энэхүү нөхцөл байдал Солонгосын хойгийн болон Энэтхэг-Номхон бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулсан бол Францын Байнгын төлөөлөгч “хэрвээ БНАСАУ-ын цэргүүд Орост ирсэн нь үнэн бол энэ нь Европын аюулгүй байдал, олон улсын энх тайван аюулгүй байдалд шууд аюул заналхийлэл учруулах дайсагнасан үйлдэл болно” гэдгийг онцлоод байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *