АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден Израил, Хезболла бүлэглэлийн хооронд гал зогсоох гэрээ байгуулагдахаар болсныг зарлав


Израил болон Ливаны “Хезболла” зэвсэгт бүлэглэлийн хооронд гал зогсоох гэрээ байгуулагдахаар болсныг АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден зарлалаа. Ийнхүү сүүлийн 13 сарын турш Израил болон Ираны дэмжлэгтэй Ливаны “Хезболла” зэвсэгт бүлэглэлийн хооронд үргэлжилсэн тулаан өндөрлөхөөр болоод байна.

Яриа хэлэлцээг зуучилсан АНУ болон Франц улсуудын хамтарсан мэдэгдэлд гал зогсоох гэрээний дагуу Ливан улс дахь дайн тулааныг зогсоож, “Израил улсыг Хезболла болон бусад террорист байгууллагуудын аюул заналхийллээс хамгаалах” гэрээ байгуулагдлаа хэмээн онцолжээ. Түүнчлэн энэхүү гал зогсоох гэрээ нь түр зуурын биш, байнгын тогтмол дагаж мөрдөх гэрээ гэдгийг Ж.Байден сэтгүүлчдэд онцгойлон мэдэгдсэн байна.

Гал зогсоох гэрээний дагуу 60 хоногийн хугацаанд Хезболла бүлэглэл Цэнхэр зурвас буюу Израил, Ливаны хоорондох албан бус хилийн орчмоос цэрэг дайчид болон зэр зэвсгээ хөдөлгөж ухраах бол тэдний оронд тухайн хил орчмын бүсэд Ливан улсын зэвсэгт хүчний ойролцоогоор 5000 бие бүрэлдэхүүн ирж байршин, Хезболла бүлэглэлийн зэвсэгт техник, дэд бүтцүүд тухайн байршлаас бүрмөсөн явсан болон ахиж тэнд бүтээн байгуулалт хийхгүй байх тал дээр хяналт, шалгалтын үүргийг гүйцэтгэхээр болжээ.

Түүнчлэн яг тэрхүү 60 хоногийн хугацаанд Израилын тал тухайн хэсгээс цэргүүд болон энгийн иргэд, оршин суугчдаа татан гаргаж, улмаар тухайн хэсэгт хилийн хоёр талд өмнө нь амьдарч байсан, дайжсан оршин суугчдыг буцаах асуудал багтаж байгаа ажээ.

Харин гал зогсоох тохиролцооны хэрэгжилтийг хянах тал дээр Литани гол орчмын Цэнхэр зурваст Ливаны арми болон НҮБ-ын энхийг сахиулах хүчин, дээр нь шаардлагатай гэж үзвэл Францын зэвсэгт хүчин нэмэгдэж, гэрээ зөрчигдөж байгаа эсэхийг хянаж, аюулгүй байдлыг сахиулж ажиллахаар болсон байна.

Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху гэрээний талаар хэлэхдээ “АНУ-тай бүрэн ойлголцсоны үндсэн дээр Израил улс Ливан улсад цэргийн арга хэмжээ авах бүрэн эрхтэй” гэжээ. Тэрээр “Хезболла бүлэглэл гэрээг зөрчиж, зэвсэглэлээр хөөцөөлдсөн тохиолдолд бид довтолно, хилийн ойролцоо террорист үйл ажиллагаанд зориулсан дэд бүтцүүдийг дахин барьж босговол бид довтолно, пуужин харваж, газар доогуур туннель ухаж, пуужин тээвэрлэсэн ачааны машин оруулсан тохиолдолд бид довтлох болно” гэдгийг тодотгосон байна. АНУ-ын төрийн тэргүүн ч мөн түүний энэхүү байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлж, Израил улсад олон улсын эрхзүйн дагуу өөрийгөө хамгаалах эрх нь байгаа учраас Хезболла бүлэглэл болон бусад оролцогч талууд гэрээг зөрчиж, Израилд шууд аюул заналхийлэл үзүүлсэн тохиолдолд Израилд хариу арга хэмжээ авах эрхтэй хэмээн хэлжээ.


One response to “АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден Израил, Хезболла бүлэглэлийн хооронд гал зогсоох гэрээ байгуулагдахаар болсныг зарлав”

Leave a Reply to customer Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *