Ерөнхийлөгч 2025 оны Монгол Улсын төсөвт хориг тавьснаар УИХ данхар төсвөө эргэн харахаар болж, энэ өдрүүдэд хэлэлцэж буй. Эргэн харахдаа зарим салбарын төсвийг танахаар шулууджээ. Үүнд биеийн тамир, спортын салбар ч багтаад байна.
Тодруулбал: Одоогийн байдлаар спортын салбарт 9,5 тэрбумыг төсөвлөж, шигшээ багийн тамирчдын зардлыг 75 хувиар хасах гэнэ. Үндсэндээ энэ салбарын төсвийг нүдэнд орсон өргөс шиг үзэн, танахаар болж, хэдэн тамирчдынхаа ууцыг нь урамтай нь хугалаадахлаа.
2023 онд 13.8 тэрбум төгрөг байсан Монгол Улсын шигшээ багийн төсвийг 9,5 болтол хайр найргүй хасахаар Засгийн газар шийдсэн бололтой.
Энэ талаар спортын салбарын төлөөлөл, зарим тамирчин, дасгалжуулагч нар мэдээлэл хийсэн. Парисын паралимпийн наадамд пауэрлифтингийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Төлөвлөгөөт хуваарийн дагуу миний хувьд жилд зургаан тэмцээнд оролцох ёстой. Тамирчид олимп, Дэлхийн тэмцээнд оролцохын тулд наана нь олон тэмцээнд оролцож, эрхээ авдаг. Гэтэл спортын салбарын төсвийг танавал нэг л тэмцээнд ороод, бусад тэмцээндээ оролцох эрхгүй болж байна” гэв.
Мөн боксын ОУХМ О.Есүгэн “Олимп дууссаны маргаашаас дараагийн олимпын цикл эхэлдэг. Боксын төрөлд эрхийн тэмцээн болдог байсан бол одоо оноо цуглуулдаг болсон. Тамирчдаа улам урамшуулж, дэмжмээр юм. Гадагшаа тэмцээн, уралдаанд явж байхад бусад улс тухайн жингийн номер нэг тамирчнаасаа гадна бусад тамирчнаа ч аваад явдаг. Гэтэл манай улсаас ганцхан тамирчин оролцдог. Үүнд атаархдаг. Тийм улс орны тамирчид сайн амжилт гаргаж байгаа. Төсөв танана гэдэг хүнд байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн.
Ердөө хэдхэн сарын өмнө шүү дээ. 4 жилд нэг удаа болдог хүн төрөлхтний их баяр, спортын их цэнгэлд эх орноо төлөөлөн явж буй тамирчид сэтгэлзүйч, хоолзүйчгүйгээр Парист очсон. Гэтэл манайхаас бусад улс шигшээ багийн бүрэлдэхүүндээ хоолзүйч, сэтгэлзүйч, массажист гээд арын албаа бүрэн авч очсон. Тиймдээ ч өндөр амжилт гаргасан. Тэдний нэг жишээ нь БНСУ юм. Тус улс олимпын наадам эхлэхээс өмнөх долоо хоногоос тамирчдын хоол, ундыг бэлдэх 15 тогооч, хоол тэжээлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг бэлдэн Парист очсон байдаг. Тэднийхээ зардлыг төсөвт тусгасан болоод тэр шүү дээ.
Гэтэл Монголын спортын салбарын төсөв улсын төсөвт дааж барахааргүй хүндрэл учруулаад байгаа бололтой. Хэдэн тамирчныхаа зардлаас хасах гээд сууж байдаг. Таарч дээ. Угтаа саяны олимпод хангалттай сайн амжилт гаргах боломж байсан. Гэхдээ шигшээ багийн сэтгэлзүйч, хоолзүйчийг олимпын наадам руу авч явах замын зардал байхгүй учраас тэднийг Монголд үлдээж явсан.
Улс эх орны нэрийг олон зүйлээр таниулж болдог. Үүнд яах аргагүй спорт орно. Та нар мартаагүй л байх. 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улс олимпын наадмаас анхны “АЛТАН МЕДАЛЬ”-иа авч, анх удаа олимпын аваргатай болсон билээ. Энэ баярт мөчөөс өмнө 7 дугаар сарын 1-ний аймшигт хар өдрийн атаа хорсол, айдаст нөмөрсөн өдрүүд үргэлжилж байсан. Харин Бээжингийн тэнгэрт Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн Н.Түвшинбаяр аваргын түүхэн ялалт монголчуудыг эвлэрүүлэн нэгтгэж, хүн бүр баяр хөөрөөр дүүрэн, тэр байтугай хэрүүл уруултай улс төрийн тэргүүтнүүд тэврэлдэн хөөрцөглөж, улс даяараа омогшин, бахдан баярлаж байсан. Хар өдрийг халуун баяраар сольсон нь спорт байсан юм.
Бразилыг Марадонна, Аргентиныг Месси, Португалыг Роналдо нарын алдартай тамирчдаар Дэлхийн аль ч улс орны хүмүүс мэднэ. Монгол Улсыг 2000 оны үеэр Дэлхийд таниулсан хүн бол сүмогийн 68 дахь их аварга, ёкозүно болсон анхны монгол хүн Асашёорюү Д.Дагвадорж билээ. Үүн шиг олимпын аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нараас эхлээд сүүлийн жилүүдэд шинэ залуу үеийнхэн хүч түрж, Дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг гаргаж буй. Н.Төгсцогт, Б.Баасанхүү, паралимпийн анхны эмэгтэй аварга У.Сүрэнжав нарын тамирчид олон жилийн хөдөлмөр, бэлтгэл сургуулилалт, хөлс хүчээрээ амжилтад хүрсэн. Гэхдээ энэ нь дан ганц тамирчны бус, түүний ард буй Монгол Улсын амжилт юм. Тамирчны ард Монгол хэмээх нэр дагалдан явж буй, явсаар ч байх болно.
Бор зүрхээрээ яваа хэдэн тамирчдаасаа хэдэн төгрөг харамлан суугаа төр, засаг спортын салбарын төсвийг танах шийдвэрээ эргэн хараасай. Бусад улсын жишгээс доогуур, гадаадынханд цалингаа хэлэхээс ч ичмээр гэж тамирчид нь бодит үнэнээ хэлдэг.
Төсвийг нь танаж, хасчхаад тэднээс амжилт, ялалт, алдар хүндийг хүсээд хэрэггүй. Шигшээ баг болон тамирчдын цалин, зардал танаад байхаар их биш. Шигшээ багийн тамирчдын үндсэн цалин 1.200.000 төгрөг. Үүнээс татвар, шимтгэлээ төлөөд гар дээрээ 800-900 мянган төгрөгийн цалин авдаг гэсэн үг. Тамирчид энэ мөнгөөр амьдралаа залгуулж, хажуугаар нь бэлтгэл, сургуулилалтдаа зориулна, амжилт гаргана гэвэл боломжгүй. Яагаад гэвэл тамирчид олимп болохоос өмнөх 3 жилийн турш уралдаан, тэмцээнд оролцож, тив, Дэлхийн чансаа, оноо цуглуулж, олимпын наадамд оролцох эрхээ авдаг.
Тив, Дэлхий, олон улсын тэмцээн, уралдаанд оролцохын тулд тамирчид бэлтгэл, сургуулилалтаа хангалттай хийж, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, уураг, витамин ууж байх ёстой. Гэтэл тэмцээнд явах зардал, очоод байрлах байр, хоол хүнс гээд бусад зардлыг төсвөөс хасвал юу болох вэ? Ялангуяа ирэх 2025 онд “Харбин 2025” өвлийн олимп, жүдо бөхийн “Гранд слам” тэмцээн болон бусад хуваарьт томоохон тэмцээн, уралдаан болно.
Хангалттай сайн цалин олгодог юм шиг хэдэн тамирчнаасаа мөнгө харамлаж байж, спортын салбараа элгээр нь хэвтүүлэх вий. Цаашлаад чадвартай, чансаатай тамирчдаа гадаад улсад алдах энүүхэнд болох байх. Бэлтгэл сургуулилалт хийх стандартад нийцсэн төв, заалгүй байхгүй. Хангалттай цалин өгч, дэмжиж чадахгүй байж, тэднээс амжилт нэхэх нь байж боломгүй. Монгол Улсынхаа нэрийг Дэлхийн тавцанд гаргаж буй хэдэн тамирчны төсвийг нүд үзүүрлэж, өргөс шиг үзэж байж, спортын салбараа газар мөлхүүлэх вий дээ!

2 responses to “Хэдэн тамирчдаасаа мөнгө харамлаж байж, спортын салбараа элгээр нь мөлхүүлэх вий дээ!”
amjilt muutai touristuudad ulsiin money bitgii og
amjilt muutai touristuudad ulsiin money bitgii og