Сөүл хотын шүүх Юн Сок Ёлыг баривчлах тушаалд зөвшөөрөл олгожээ


БНСУ-ын нийслэл Сөүл хотын шүүх мягмар гарагт Юн Сок Ёлыг нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэснээр сэжиглэн, Юн Сок Ёлыг баривчлах тушаалд зөвшөөрөл олгожээ. Дээрх тушаалыг тус улсын Төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын гэмт хэргийг мөрдөх газрын хүсэлтээр гаргасан бөгөөд тус газрын зүгээс удахгүй баривчлах тушаалыг гүйцэтгэхээр Юн Сок Ёлын байрлаж буй байранд очих төлөвтэй байгаа талаар хэвлэлүүд мэдээллээ.Энэ нь Өмнөд Солонгосын улсын үндсэн хуулийн засаглалын түүхэнд ерөнхийлөгчийг баривчлах тушаал гаргасан анхны тохиолдол болдоо. Юн Сок Ёлыг баривчлах тушаал нь гаргасан өдрөөс хойш 7 хоногийн хугацаанд хүчинтэй хэдий ч тушаалыг хэзээ хэрэгжүүлэх, улмаар Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба хамтран ажиллах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.Ёнхап агентлаг зэрэг Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, Сөүл хотын баруун дүүргийн шүүхээс мөн Сөүл хотын Ёнсан дүүргийн Ханнам-донг дах Юн Сок Ёлын гэр буюу ерөнхийлөгчийн ордонд нэгжлэг хийх тушаалыг давхар гаргажээ.

БНСУ-ын “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-ийн дагуу, сэжигтэн мөрдөн байцаалт явуулах хүсэлтийг хангалттай шалтгаангүйгээр хүлээн авахаас татгалзах, эсвэл мөрдөн байцаалт явуулах шаардлагыг хүлээж авахгүй бол мөрдөн байцаах байгууллага шүүхэд хандан баривчлах тушаал гаргах хүсэлт тавьж, холбогдох сэжигтнийг албадлагаар шалгах ажиллагааг эхлүүлэх эрхтэй байдаг байна.Эргэн сануулахад Юн Сок Ёлыг цэргийн онц байдал зарлаж, нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн буруутгаж, 12 сарын 14-ний өдөр Үндэсний ассамблейд импичментээр огцруулах асуудлаар санал хураан, үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн. Түүнийг төрийн тэргүүний албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах, аль эсвэл эрх үүргийг нь буцааж сэргээх эсэхийг шийдвэрлэх Үндсэн хуулийн шүүхийн үйл явц эхэлсэн бөгөөд эцсийн шийдвэрээ 12 сарын 14-нөөс хойшхи 180 хоногийн дотор багтаан гаргах ёстой юм.


One response to “Сөүл хотын шүүх Юн Сок Ёлыг баривчлах тушаалд зөвшөөрөл олгожээ”

  1. Балай өвгөн АНУ гийн салга өвгөнийг дагаж даанч их салбагнасан юм. Хохьчин ха ха ха

Leave a Reply to Салга өвгөн Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *