Ромын пап Францис хоёр уушгиндаа хатгалгаа авсан, эрүүл мэндийн байдал нь “хэцүүхэн” байгаа талаар Ватикан мэдэгдлээ. Өдгөө 88 настай папад бронхитын шинж тэмдэг илэрч, амьсгалын замын халдвар авч, бие нь тавгүйрхсэний улмаас өнгөрсөн баасан гарагт Ром хотын Жемелли эмнэлэгт хүргэгдсэн.
Ватикан түүнийг “Шинжилгээнд хамрагдаж байгаа. Олон төрлийн нянгийн гаралтай амьсгалын замын халдвар авсан байна. Шаардлагатай хугацаагаар эмнэлэгт хэвтэх болно” хэмээн энэ долоо хоногийн эхээр мэдээлж байсан юм. Мягмар гарагт түүнийг цээжний компьютер томографийн зураг авахуулсны дараагаар хоёр уушгиндаа хатгалгаа авсныг тогтоож, эм тарианы эмчилгээнд орох шаардлагатайг Ватикан мэдэгдлээ.
Вирус, бактери, мөөгөнцөр зэргээс гаралтай уушгины хатгалгаа нь халдварт өвчин юм. Хэдийгээр уушгины хатгалгаа туссан ч католик шашны тэргүүний сэтгэл санаа өөдрөг байгаа гэнэ. Тэр эмнэлэгт ном уншиж, амарч, залбирч өдрийг өнгөрүүлж байгаа аж. Ромын пап өөрт нь эрүүл энхийг хүссэн олон нийтэд талархал илэрхийлсэн байна.
Ромын пап Францис энэ долоо хоногийн сүүлээр хэд хэдэн католик шашны арга хэмжээг удирдан явуулах хуваарьтай байсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас түүний оролцох бүх арга хэмжээг 2-р сарын 23-ны өдрийг дуустал цуцалжээ.
One response to “Ватикан: Ромын пап хоёр уушгиндаа хатгалгаа авсан”
tnx