ХБНГУ-ын сөрөг хүчний хамгийн том эвсэл сонгуульд ялалт байгуулах нь тодорхой боллоо


Ням гарагт ХБНГУ-ын нэгдсэн сонгууль явагдлаа. Энэ удаагийн парламентын ээлжит бус сонгуулийн урьдчилсан дүнг Германы ZDF, Дойче Велле зэрэг голлох хэвлэл мэдээллийн хэрэгслүүд танилцуулаад байна.

Сонгуулийн санал тооллого үргэлжилсээр байгаа ч сонгуулийн урьдчилсан дүнгээр сөрөг хүчний хамгийн том эвсэл болох Христийн ардчилсан холбоо /ХАХ/ болон Христийн нийгмийн холбооны /ХНХ/ хамтарсан эвсэл парламентад хамгийн олон суудал авч, сонгуульд ялалт байгуулах нь тодорхой болжээ.

Урьдчилсан дүнгээр дээр дурьдсан ХАХ/ХНХ-ны хамтарсан эвсэл нийт саналын 28.6% буюу 630 суудалтай Бундестагт 208 суудал авахаар болоод байна. Гэвч цуглуулсан суудлын тоо засгийн газар байгуулах хэмжээ буюу 316 суудалд хүрэхгүй байгаа тул аль нэг намтай эвслийн засгийн газар байгуулах шаардлагатай болж байгаа юм.

Бусад намуудын тухайд цагаач, дүрвэгсдийн эсрэг хатуу үзэл баримтлалтай хэт барууны Германы төлөөх альтернатив нам энэ удаагийн сонгуульд томоохон амжилт үзүүлж, нийт саналын 20.5% буюу парламентанд 151 суудал аваад байгаа бол Канцлер Олаф Шольцын Социал Демократ нам 16.4% буюу 121 суудал, Ногоон нам 11.6% буюу 85 суудал, Зүүний нам 8.8% буюу 64 суудал, бусад намууд 5-аас доош хувийн саналыг цуглуулсан байна.

Христийн ардчилсан холбоо болон Христийн нийгмийн холбооны хамтарсан эвслийн тэргүүн Фридрих Мерц энэ удаагийн сонгуульд ялалт байгуулснаа нийслэл Берлин хотноо зарласан байна. Түүний тэргүүлсэн эвслийн хувьд хэт барууны Германы төлөөх альтернатив намтай эвсэхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд цуглуулсан суудлын тоогоороо гуравт жагссан Социал Демократ намтай эвсэх нь хамгийн боломжит хувилбар болоод байна.

Гэвч ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц ням гарагт хийсэн мэдэгдэлдээ Фридрих Мерц, түүний тэргүүлсэн эвсэлтэй эвслийн засгийн газар байгуулах асуудлаар хувиараа яриа хэлэлцээ явуулахгүй, шинэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд багтахгүй гэдгээ тодотгосон юм. Тэрээр “би Канцлер болохын төлөө сонгуульд оролцсон” гэж мэдэгдсэн бөгөөд энэ үгээрээ түүнийг чөлөөндөө гарах талаараа цухуйлгасан байж магадгүй хэмээн Германы Bild сэтгүүлд бичжээ.

Ялалт байгуулсан эвслийн тэргүүн Фридрих Мерц ирэх 4 дүгээр сарын 21-ний өдөр тохиож буй Улаан өндөгний баяраас өмнө шинэ засгийн газрыг байгуулах амлалт өгсөн байна.

ХБНГУ-ын 2025 оны нэгдсэн сонгуулийн ирц 83.5%-тай буюу 1990 онд хоёр Герман нэгдсэнээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлттэй сонгууль боллоо. Энэ удаагийн ээлжит бус сонгуулийг Социал Демократ нам, Ногоон нам, Чөлөөт Ардчилсан намуудын хамтран байгуулсан эвслийн засгийн газар өнгөрсөн оны сүүлээр задран унасны дараа хугацаанаас нь өмнө явуулахыг зарлаж, товлосон билээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *