Оскарын шагналт жүжигчин Жин Хэкман 95 насандаа “сэжигтэй” байдлаар таалал төгслөө


Оскарын шагналт, Холливудын алдарт жүжигчин Жин Хэкман 95 насандаа таалал төгсжээ. Түүнийг АНУ-ын Нью-Мексико мужийн Санта Фе хот дахь гэрээс нь үхсэн байдалтай олсон бөгөөд хачирхалтай нь жүжигчний эхнэр болон нохой нь мөн үхсэн байдалтай олдсон учраас цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулах хангалттай “сэжигтэй нөхцөл байдал” хэмээн үзжээ.

95 настай жүжигчин Жин Хэкман гэрийнхээ гал тогооны хажуугийн жижиг өрөөнөөс, түүний эхнэр 65 настай төгөлдөр хуурч угаалгын өрөөнөөс герман овчарка нохойны хамт олдсон ба хэдийгээр ямар нэгэн ил гэмтэл зэрэг гэмт хэргийн шинж тэмдгүүд илрээгүй ч гэр бүлийн гишүүд бүгд нэг дор амиа алдсан байгаа явдлыг мөрдөн шалгах ажлыг эхлүүлээд байгааг Санта Фе хотын шерифын албанаас мэдээлжээ. Мөн эхнэрийнх нь дэргэдээс халаагуурын төхөөрөмж болон шилтэй эм асгарсан байдалтай олдсон байна.

Тэдний үхлийн шалтгаан одоогийн байдлаар тодорхойгүй байна. Цагдаагийн газраас тэднийг нас бараад нэлээд удсан, гэр бүлийн хосуудын гар болон хөл нь үхжиж, “занданших” үйл явцад орж эхэлсэн байсныг хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан байна. Эрх баригчдын зүгээс шүүх шинжилгээний дүгнэлтийг хүлээж байгаагаас гадна мөн угаарын хий болон токсикологийн шинжилгээг давхар явуулах хүсэлтийг гаргажээ.

Жүжигчний гэрт хийсэн шалгалтаар ямар нэгэн хий алдсан болон угаарын хий гарсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. Хааяа ирж ойр зуурын цэвэрлэгээ гэх зэрэг туслах ажил гүйцэтгэдэг хоёр ажилтан тэднийг анх олж, цагдаад мэдэгдсэн бөгөөд орон нутгийн цагаар 2-р сарын 26-ны өдрийн үдээс хойш цагдаа нар Жин Хэкманыг эхнэр, нохойн хамт нас барсан байдалтай олсон байна. Тэдгээр ажилтнууд хамгийн сүүлд 2 долоо хоногийн өмнө ирж ажилласан байжээ.

Алдарт жүжигчин Жин Хэкман 1960-аад оноос кино урлагийн салбарт хөл тавьж, өнгөрсөн хугацаанд 100 гаруй кинонд гол болон туслах дүрийг бүтээж, 1971 оны “The French Connection” болон 1992 оны “Unforgiven” кинонд бүтээсэн дүрээрээ хоёр удаа Оскарын шагнал хүртэж байсан түүхтэй. Мөн тэрээр “Бонни, Клайд хоёр”, “Миссиссиппи шатаж байна”, “Супермен” зэрэг олон гайхалтай бүтээлүүдэд тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд 2004 онд “Муспортод тавтай морил” хэмээх кинонд тоглосноос хойш ахиж уран сайхны кинонд тоглолгүй Холливудаас холдож, Санта Фе дахь гэртээ тайван амгалан амьдралаар амьдрах болсон юм.

Жин Хэкманы охид болох Элизабет, Лесли, зээ охин Энни нар нь “аавыгаа, өвөөгөө алдсан явдалд гашуудаж байна, түүнийгээ үүрд санан дурсах болно” гэжээ. Мөн Холливудын жүжигчин Клинт Ийствуд, Морган Фриман, Том Хэнкс, Ральф Файнс, Виола Дэвис, Антонио Бандерас, Хэнк Азариа, Жорж Такеи, Анил Капур, найруулагч Фрэнсис Форд Коппола, Их Британийн Уэльсийн хунтайж Уилльям, Британийн кино болон телевизийн академи зэрэг олон алдартнууд болон байгууллагын зүгээс алдарт жүжигчинг таалал төгссөн явдалд гүнээ харамсан эмгэнэж байгаагаа мэдэгдээд байна.


One response to “Оскарын шагналт жүжигчин Жин Хэкман 95 насандаа “сэжигтэй” байдлаар таалал төгслөө”

Leave a Reply to Зочин Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *