Ж.Саранцэцэг: Таны хайртай хэн нэг хүний эрхтэн эцсийн шатанд орвол яах вэ?


Донор болон эрхтэн шилжүүлэн суулгуулах өвчтөний эс, эд, эрхтэн нийцэж буй эсэхийг шинжлэн тогтоодог хүн бол иммунологич эмч. УНТЭ-ийн иммунологич эмч Ж.Саранцэцэг эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар ийн ярилаа.

Ж.Саранцэцэг:  

-Эрүүл мэндийн хөгжлийн төвийн датагаар 2023 онд Монголд зүрхний шигдээсээр 2496, тархины цус харвалтаар 968, авто ослоор 475, нийт 3939 хүн нас барсан байна. Энэ бол 1 жилд тохиолдож буй нас баралт. Зөвхөн ийм 3 шалтгаанаар жилд 4000 хүн нас барж байна. Тэгвэл тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа 2008 оноос эхэлсэн гэж үзвэл 57 бөөр, 20-иод элэг шилжүүлэн суулгасан байна.

Гадаадын орнууд шилжүүлэх суулгах эрхтний 90 гаруй хувийг тархины үхэлтэй донороос авдаг бол Монголд 90 гаруй хувийг нь амьд донороос авч байна. Эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын холбоод аль болох тархины үхэлтэй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгахыг зөвлөдөг.

Манай улсад ямар байна вэ гэхээр, нийт ард иргэдэд өгч байгаа мэдлэг мэдээлэл хомс, иргэдийн оролцоо маш бага байна. Эрхтэн шилжүүлэн суулгах бол энэ чиглэлийн хэдэн хүний ажил биш. Зарим улсад Ерөнхийлөгч нь бодлогоор дэмждэг. 10 жилийн сурагчдад хичээл заадаг. Иргэд нь донорын карттай байдаг.

Бөөрний архаг дутагдлаар 607 хүн нас барж байна. Донор хүлээх хуудсанд бүртгэлтэй 695 хүн бөөр, 400 хүн элэг хүлээж байна. Энэ бүрт иргэн таны оролцоо чухал. Зөв мэдлэгтэй байхыг хүсэж байна.

Тархины үхэлтэй донор гарвал хүлээх жагсаалтад байгаа, эд нийцлийн шинжилгээ өгсөн өвчтөнүүдээс дуудаж шинжилгээ авдаг. Энэ хүмүүс эмчийн олон мэргэжлийн бүрэн үзлэгт ордог. Дүрс оношилгоо, лабораторийн цогц шинжилгээнд ордог. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах албаны төлөөлөл, эмнэлгийн чанарын багийн төлөөлөл оролцсон бүтэн цаг хүн бүрийг хэлэлцэж, шийдвэр гаргадаг. Монгол Манай улсын багууд олон улсын холбоодоос гаргасан удирдамж, зааврын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Хууль, дүрэм, журмын дагуу бүх юм явж байгаа.

Эрхтэн шилжүүлэн суулгасны дараа насан туршид дархлаа дарангуйлах эм уух, үзлэг, шинжилгээ, хяналтад тогтмол орох гээд тухайн иргэний үүрэг хариуцлагаас их хамаардаг.

П.Батчулуун эмчийн баг олон улсын жишигт тохирсон, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний чиг хандлага Монгол Улсад үүсгэхийн тулд үнэхээр хэцүү ачаа үүрсэн. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй. П.Батчулуун эмчийн баг байгаагүй бол тархины үхэлтэй донорын ар гэрийг идэвхжүүлэх, мэдээлэл өгөх үйл ажиллагаа зогсох байсан. Бид хэдийгээр түүхийг 1996 оноос эхэлж ярьж байгаа ч та бүхний, ард иргэдийн оролцоо сул байгаа учраас донорын тоо хангалтгүй байна.

Олон улсад тархины үхэлтэй донорыг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрдөг юм. Та бодоод үз. Таны хайртай хэн нэг хүний эрхтэн эцсийн шатанд орвол яах вэ. Эрхтэн хүлээж байгаа хүмүүс байгаа ш дээ. Тэгвэл хажуухан талд нь хэн нэг хүн, таны ойр дотно хүн зүрхний шигдээсээр, тархины харвалтаар, авто ослоор нас барж л байгаа байхгүй юү. Үүнийг эмнэлгийн хэдхэн мэргэжилтэн, ганцхан албаны 4, 5 хүн хийх нь хангалтгүй. Бүгдээрээ нэг ойлголттой байх ёстой. Олон улсад хэдийний маш зөв ойлгоод явж байна. Манай мэргэжилтнүүдийн үүрэг юм шиг ойлгож болохгүй.  

,

One response to “Ж.Саранцэцэг: Таны хайртай хэн нэг хүний эрхтэн эцсийн шатанд орвол яах вэ?”

Leave a Reply to П.Мөнхбаатар Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *