“Арай Оросын мафиуд айлгачхаагүй байгаа” гэж бодож байна. Яагаад гэвэл оросууд монголчуудыг дандаа айлгах гээд байдаг юм. Хүмүүс ил хэлдэггүй болохоос Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын айлчлалын үеэр юм л бол загнах гэнэ. Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас доод албан тушаалтнуудыг тархи толгойгүй загнана. Дандаа тэгж айлгана.
Би ямар сайндаа хэлээд байна л даа. Эрүүл ухаангүй үйлдлүүд хийгээд байгаа шалтгаан нь ерөөсөө Оросын далд дарамт байх шиг байна. Олон улсын өмнө хариуцлага хүлээхгүйн тулд их гүрэн ингэж бултдаг. Тийм учраас жижиг гүрний новшнуудаар дамжуулж, дандаа хийдэг. Тийм новш нь хангалттай байдаг” гэж нийслэлийн засаг дарга асан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл чин үнэнийг шулуухан хэлчихлээ. Ёстой л загатнасан газар маажив. Их гүрнүүдийн дээрэнгүй зан, манай удирдлагуудын нунж байдлыг ард түмэн мэднэ. Илт анзаарагддаг. Хаан шалдан байгааг Э.Бат-Үүл шиг шулуухан хэлэх хүн цөөн. Олон нийт мэдэх ч хэлбэл хэн тоох билээ дээ. Гөлөөг ч гэх хүн олдохгүй.
Их гүрнүүд тийм гараа манай эрүүл мэндийн салбарт дүрсэн байх магадлал П.Батчулуун эмчтай холбоотой үйл явдлаар илэрч байх шиг. “Саяхан миний ажил дээр, над дээр хүн орж ирж, намайг дарамталсан. Намайг дагаад, мөшгөөд байгаа. Би айж байна. Одоо намайг, миний үр хүүхдийг, ар гэрийг, аавын амь насанд заналхийлэл ирээд, араас хүн дагаад байгаа энэ үед маш олон асуулт гарч ирээд байна л даа. Тэр донорын осол, аавтай минь холбоотой энэ хэрэг зүгээр нэг тохиолдол биш юм биш биз дээ гэж асуухад тулж байна. Ойлголцлын зөрүүн дээр үүссэн хэрэг биш юм биш үү гэсэн бодол төрүүлж байна. Цаанаасаа захиалгатай юм уу? Юуг нь авах гээд байгааг ойлгохгүй байна” гэж түүний охин ярилаа.
Үнэхээр юуг нь авах гээд байна вэ? Монгол хүн өвчнөөсөө салах, эрүүл амьдрах, урт наслах нь тэдэнд таалагдахгүй байгаа бололтой. Манай улс анх элэг шилжүүлэн суулгах эмчилгээг БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвөөр заалгаж, 2011 онд эх орондоо нутагшуулсан. Түүнээс хойш 300 гаруй хүнд ийм хагалгаагаа хийгээд байна. Монголын мэс засалч, эмч, сувилагч нар жилээс жилд чадваржиж байгаа. Элэг, бөөр, үүдэл эс, шөрмөс шилжүүлдэг болсон. Удахгүй нойр булчирхай шилжүүлэн суулгана. Гайхамшиг шүү.
10 гаруй жилд 300 гаруй хүнд элэг шилжүүлнэ гэдэг бол 3.5 сая хүнтэй Монгол Улсад том амжилт. Анх амьд донороос, 2-рт, тархины үхэлтэй донороос 3-рт, хүүхдэд 4-рт, элэгний зүүн, баруун дэлбэнг 5-рт, донорын элэг дурангаар тайрах 6-рт, цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээ нутагшуулсан. Одоо манай эмч нарт роботоор донорын элэг тайрах дутуу байна. Бусдыг нь бүгдийг нь хийчихсэн. Дэлхийд элэг шилжүүлэн суулгах чиглэлээр хийж буй бараг бүх технологи Монгол Улсад нэвтэрчээ. Хариугүй муу Монгол ийм амжилттай яваад хамаг том улсууд дургүй байгаа юм биш биз дээ.
ДЭМБ жил бүр амьд донороос элэг шилжүүлэн суулгасан 1 сая хүнд оногдох мэс заслын тоог гаргадаг. Үүгээр Монгол Улс 2022, 2023 онд дараалан Дэлхийд 1-р байр эзэллээ. Амьд донороос эрхтэн шилжүүлсний дараах үр дүнг эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтөний хэдэн хувь нь 1, 3, 5 жилд амьд байгаа вэ гэдгээр тооцдог. Энэ үзүүлэлтээр манайх БНСУ-ын дараа Дэлхийд 2-рт ордог. 90-ээс дээш хувьтай. 2 дахь гол үзүүлэлт нь суулгац элэгний амьдрах чанар. Үүнийг бас 1, 3, 5 жилээр гаргадаг. Манай үзүүлэлт бас 90-ээс дээш хувьтай. Өчүүхэн муу Монгол ийм ахиц гаргасан нь өнөө томчуудад таалагдаагүй юм биш үү дээ.
Ингэж сэрдэх үндэслэл бий. Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газар П.Батчулуун эмчид холбогдох хэргийг хэрэг үйлдсэн сэдэл, шалтгаан, зорилго, хэлбэр тогтоогдоогүй, мөрдөн байцаалт дутуу, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болохгүй байна гээд мөрдөн байцаалтад 2 ч удаа буцаасан байдаг. Тэгж тэгж эрүүгийн хэрэг үүсгэн, хавтаст хэрэг нээжээ. Ингээд шүүхэд шилжүүлэхэд шүүх ялын зүйлчлэл буруу гээд бас л прокурорт буцаажээ. Прокурор П.Батчулууныг ЭЭЭШСҮАЗА-ны даргаар ажиллаж байхдаа зам, тээврийн осолд орж, ГССҮТ-д хүргэгдэн, тархины үхэлтэй болохыг тодорхойлсон А-н ар гэрийн хүмүүсээс зөвшөөрсөн эрхтнээс өөр эд, эрхтэн авсан гэмт хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3.2 дахь хэсэгт зааснаар ялласан.
Анхан шатны шүүх шүүгдэгч П.Батчулууныг “Хууран мэхэлж хүний эд, эрхтэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2.6 жил хорих ялаар шийтгэсэн юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025.03.13-нд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Тус шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн үүнийгээ хуурч, мэхлэх гэдэг нь үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг нуун дарагдуулах замаар бусдыг төөрөгдүүлж авсныг ойлгох бөгөөд П.Батчулуун нь хохирогч А-ийн ар гэрийн хүмүүст “Элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авна” гэж тайлбарлан хэлж “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас”-т гарын үсэг зуруулж, зөвшөөрөл авахдаа авах эрхтний нэр бичих хэсгийг хоосон орхиж, гарын үсэг зуруулсны дараа “элэг, бөөр шөрмөс” гэж нөхөн бичиж, донорын биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхлэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг нэмж авсан гэж 2025.03.21-нд тайлбарласан юм.

Тэгвэл шөрмөсийг бэхлэх ястай нь, элгийг цөстэй нь, бөөрийг шээлгүүртэй нь авдаг тухай элэг, бөөр шилжүүлэн суулгадаг мэргэжлийн эмч нар тайлбарласан. Шөрмөсийг ясгүй авдаг үе байсан ч одоо ястай нь авдаг болжээ. Цагийн эрхээр хуулийг өөрчилдөг шиг анагаах ухаан хөгжихийн хэрээр хагалгааны аргачлал бас өөрчлөгддөг юм байна. Тийм ч байх ёстой. Үүнийг Монгол Улсын шүүгчдэд ойлгуулахаар Азийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг, БНСУ-ын Үндэсний анагаахын төв, Сөүлийн үндэсний их сургууль, Инжэ их сургууль, “Виталинк интернэшнл”, “Рафаэль интернэшнл” ТББ, “Рафаэль Нанүм” сан зэрэг байгууллагаас өргөдөл ирүүлжээ. Уг өргөдөлд “Бодит эмнэлгийн практикт элгийг авах үед цөсний хүүдийг бүрэн салгах нь анатомийн хувьд боломжгүй байдаг. Дийлэнх орнуудад элгийг авах үед давхар цөсний хүүдийг авахад тусдаа зөвшөөрөл шаардагддаггүй. Энэ нь санаатай бус, харин тогтолцоо, үйл ажиллагааны бүрэн бус дутуу байдалтай холбоотой гэж үзэж байна” хэмээж, 31 эмч, мэргэжилтэн овог нэр, харьяа байгууллага, и-мэйлээ бичин, гарын үсгээ зурсан байв.
Анагаахын нарийн ширийн асуудлыг бусад хүн мэдэх албагүй ч хүнийг эрүүгийн хэрэгт яллахдаа мөрдөгч, прокурор, шүүгч мэдэх ёстой. Бүр албатай. Мэдэхгүй бол мэддэгээс нь асуух хэрэгтэй. Хөндлөнгийн, хараат бус шинжээч томилох ёстой. Гэвч тэгсэнгүй бололтой. Энэ бүхнийг хийсэн бол арай ч ийм шийдвэр гаргахгүй байлгүй. П.Батчулууныг заавал ялтан болгох шалтгаан, шалтаг, ямар нэг юм байжээ гэж сэрдэхээр байна. Хуульчид нь харсаар байж ийм асуудлаар хүн яллаад, Эрүүл мэндийн сайд нь мэдээгүй юм шиг буруу хараад… Энд нэг л биш. П.Батчулууныг яллах хүсэл “дээр” байх шиг. Гаднаас биш гэхэд дотроосоо байх шиг.
Бөөрний дутагдалд орсон төрсөн эх, 2 эгчдээ бөөр шилжүүлэн суулгаж чадаагүй, эмчийнхээ ёсзүйг ягштал баримталсан энэ эмч хэн нэг эрх мэдэлтэнд ч бас “Үгүй” гэж хэлсэн байх магадлал өндөр. Мэдэл ихтэй, гар урттай хүний хорхойтой араанд зуугдчихаад ингэж яваа юм биш биз гэж хардаж буйгаа зарим хүн сошиалаар илэрхийлж буй. П.Батчулуун эмчийн ар гэрийнхэн “Манай өмгөөлөгч нарыг 1 улстөрч өрөөндөө дуудаж “Шүүх рүү дайрсан, буруутгасан, ард түмнийг турхирсан мэдээ мэдээлэл хийх дэмий” гэж анхааруулж, хориглосон” гэж time.mn-д өгсөн ярилцлагаараа мэдэгдсэн. Энэ бүхэн яах аргагүй 1 юм хэлээд байна бус уу? П.Батчулуун эмчийг хилсээр ялласныг харуулаад байгаа юм биш үү?

Гаднаас ч бай, дотроосоо ч бай энэ хэргийг зохиосон зохиогч зорилгодоо хүрч байна. Үүнийг доорх хүмүүсийн яриа нотолно.
УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багийн гишүүн, Гавьяат эмч, доктор, профессор Б.Төмөрбаатар: Тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ бол П.Батчулуун эмчийн албаны үйл ажиллагаатай салшгүй холбоотой. П.Батчулуун эмчид холбосон энэ асуудлаас болоод тус алба мухардалд ороод, түүнээс хойш тархины үхэлтэй донор байхгүй болчихлоо. Энэ эмчилгээ зогсчихлоо.
Донор хүлээж буй өвчтөн Г.Төмөр: Би хилийн цэрэгт 2009-2019 он хүртэл ажилласан. 2019 онд бөөрний дутагдал гэдэг оноштойгоор гемодиализын аппаратад ороод, 7 жил болж байна. Түүнээс хойш зүрх өвддөг болсон. Өдөр бүр маш их эм уудаг. Эм их ууснаас болоод, ходооны асуудалтай болж байна. Заримдаа даралт 200-210 болж өсдөг. Эрүүл мэнд маш хэцүү болж байгаа учир донорын эрхтэн хүлээгээд маш их удаж байна. 4-р бүлгийн цустай өвчтөнүүдийн хүлээлгийн жагсаалтад 14-т бичигдсэн.
УНТЭ-ийн иммунологич эмч Ж.Саранцэцэг: Эрүүл мэндийн хөгжлийн төвийн датагаар 2023 онд Монголд зүрхний шигдээсээр 2496, тархины цус харвалтаар 968, авто ослоор 475, нийт 3939 хүн нас барсан байна. Энэ бол 1 жилд тохиолдож буй нас баралт. Зөвхөн ийм 3 шалтгаанаар жилд 4000 хүн нас барж байна. Та бодоод үз. Таны хайртай хэн нэг хүний эрхтэн эцсийн шатанд орвол яах вэ? Тэгвэл хажуухан талд нь хэн нэг хүн, таны ойр дотно хүн зүрхний шигдээсээр, тархины харвалтаар, авто ослоор нас барж л байгаа байхгүй юү. Бид жилдээ 50-60 хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг. 2024 онд 10 хүнд тархины үхэлтэй донороос бөөр авч шилжүүлсэн. 2025 он гараад энэ эмчилгээ тасарсан. Үүний цаана бөөрөө солиулах, шинээр амьдрах гэсэн хүмүүсийн найдвар тасарч, энэ үйл ажиллагаа доголдсон. Уг нь аятайхан эхлээд, хөгжиж байтал яг энэ цэгт ирээд, энэ алба үйл ажиллагаа явуулж чадахаа байчихлаа.
УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн шагналт, Гавьяат эмч, доктор, профессор О.Сэргэлэн: Эрүүл мэндийн системд ажиллаж буй бүх ажиллагсад, тэр дундаа эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлд өдөр, шөнөгүй, нойр, хоолгүй зүтгэж яваа олон хүний урмыг хугалж байна. Муухай шуугиан дэгдээлээ. Оюутнууд маань хүртэл айж байна. “Багш аа! Эмч болоод надад ийм асуудал тулгарвал яах вэ” гэж асууж байна.
Эрхтэн шилжүүлэх эмчилгээг Монголд зогсоож чадлаа. Үүнийг хүссэн хүн, хүмүүс санасандаа хүрлээ. Тэр хүнд өөрт нь донор хэрэг болбол мөнгөтэй юм чинь гадаадад очоод эмчлүүлчих биз. Ядарсан муусайн монголчууд л хохирч үлдлээ дээ, хөөрхий. Одоо тэд Улсын дээд шүүхээр эцсийн цохилт өгвөл Монгол бүрмөсөн ялагдана. Дуусаа!
5 responses to “П.Батчулуун эмчийг яллах шийдвэр “дээр”-ээс ирсэн юмаа даа”
Харамсалтай б.а.к
Асуудал донортоо биш Батчулуун эмчийг ялтан болгох сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс байгаа.
Энэ бүр эртнээс төлөвлөсөн ажил шдээ
Өнөрөө гэдэг бузар сэтгүүлч авгай сэвсээр бгаад хэрэг үүсгүүлсэн дээ..,,,
Бат үүл баатар мэт хулгайчид хэзээ ч үнэн юм ярихгүй.