Цагдаагийн хурандаа Б.Батхуяг: Хар тамхи хэрэглэснээс сүүлийн 10 жилд 50 хүн амь насаа алдсаны дотор мансууруулдаг өвс хэрэглэж амиа алдсан жишээ бий


ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас сүүлийн 3 хоногт шалгалт явуулж 1000 гаруй иргэдэд тандалт явуулахад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн 30 орчим иргэн илэрчээ. Үүнтэй холбоотойгоор  Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Батхуягтай ярилцаж тодруулга авлаа.

Цагдаагийн байгууллага хар тамхи, мансууруулах бодисын шалгалт явуулсан байна. Шалгалтын үр дүнг мэдээлэхгүй юу?

-Иргэдээс хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй иргэд олноороо шөнийн цэнгээний газарт цугларсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу бид шалгалтын ажиллагаа явуулсан. Ер нь энэ төрлийн хяналт шалгалтыг тогтмол өрнүүлдэг л дээ. Сүүлийн үед энэ төрлийн дуудлага гомдол иргэдээс ирэх нь улам бүр нэмэгдэж байна. Түүнчлэн манай байгууллагаас мансууруулах бодис хэрэглэсэн иргэд цуглардаг хэд хэдэн газруудыг тогтмол хянаж шалгалт явуулдаг. Сүүлд явуулсан 2 өдрийн шалгалтаар нийтдээ 1000 гаруй хүн цугларсан хэд хэдэн шөнийн цэнгээний газарт шалгалт явуулахад мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн 23 иргэн илэрсэн.

Үүний 4 нь гадаадын иргэн бөгөөд Турк, Украйн улсын иргэд байсан. 23 иргэний 3 нь эмэгтэй. Мөн уржигдар явуулсан шалгалтын ажлаар 4 гэмт хэрэг илрүүлсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан 7 этгээдийг шалгаж байна.

Иргэд мэдээлэл өгсөн талаар тодруулж болох уу?

-Хар тамхи хэрэглэсэн буюу мансуурсан иргэнд ямар шинж тэмдэг илрэх талаар бид нөлөөллийн контент бэлтгэж, сургалт тогтмол явуулдаг. Энэ ажлын үр дүн гарч байна гэж ойлгож байгаа. Иргэд согтуу хүнийг хараад мэддэг шиг мансуурсан хүнийг хараад мөн мэдэх бололцоотой. Манай байгууллага тусгай дугаарын 102, 116 зэрэг утас ажиллуулдаг. Иргэд энэ дугаар луу үнэ төлбөргүйгээр дуудлага мэдээлэл өгөх бололцоотой. Мөн хар тамхитай тэмцэх газрын пэйж хуудас руу мансуурсан хүмүүсийн болоод мансуурахад хэрэглэдэг хэрэглүүрүүдийн зургийг дарж илгээж дуудлага мэдээлэл өгдөг. Бид сэжигтэй тохиолдлуудыг тогтмол ажиглаж цохилт өгөх хяналт шалгалтыг тогтмол явуулдаг.

Сүүлд явуулсан энэ шалгалтаас өөр ямар томоохон шалгалт өрнүүлсэн бэ?

-2025 оны 2-р сарын 1-нээс 5-р сарыг дуустал бид “Бүлэг” ажиллагааг явуулсан. Хар тамхи нийлүүлэгчийг илрүүлэх зорилготой ажил байсан. Энэ ажлын хүрээнд 6 бүлгийн 73 хүнд холбогдох хэргийг илрүүлсэн. Нэлээн их хэмжээний мансууруулах бодис, эм бэлдмэл хураан авсан. 1 анхаарал татаж байгаа зүйл бол эмэгтэйчүүд хар тамхи хэрэглэх явдал их нэмэгдэх хандлагатай байна. Сүүлд явуулсан шалгалтын ажиллагаанаас харахад шалгалт явуулсан бар цэнгээний газруудад үйлчлүүлж байгаа хүмүүсийн 60-аас дээш  хувь нь эмэгтэйчүүд байсан. Тэр дундаа 18-20 насны охид байна. Охид мансууруулах бодис хэрэглэх улам нэмэгдэж 10 хүн тутмын 1 нь эмэгтэй байх тохиолдол бүртгэгдэж байна. “Бүлэг” арга хэмжээний хүрээнд бидэнд ирсэн  мэдээлээр саун, тайчих үзүүлбэртэй цэнгээний газруудад мансуурсан хүмүүс байна гэдэг дуудлага ирж шалгалт явуулахад 255 эмэгтэй шалгагдсаны 17,2 хувь нь буюу 44 эмэгтэй мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон.

Шалгалтын ажиллагааг хэрхэн өрнүүлдэг вэ?

-Цагдаагийн байгууллагын хяналтад байдаг мансууруулах бодис хэрэглэж байсан бүртгэгдсэн хүмүүс, зарж борлуулдаг байж болзошгүй ажиглалтад байдаг иргэдийг таньж шалгана. Мөн хэрэглэсэн хүнд илэрдэг олон шинж тэмдгийг үндэслэн илрүүлж болдог. Хэрэглэсэн байж болзошгүй иргэдийг түүврийн аргаар шалгана. Шалгахдаа 1 удаагийн биологийн тест буюу шээснээс дээж авч 1 минутад  мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоодог түргэвчилсэн тест хэрэглэн илрүүлдэг. Илрүүлсэн шинжилгээний материалаа бид шүүх шинжилгээний хүрээлэнд илгээж тэндээс яг ямар төрлийн бодис хэрэглэснийг тогтоодог. Шүүх шинжилгээний дүгнэлт гарсны дараа тухайн мансууруулах бодис хэрэглэсэн хүнийг зөрчлийн хуульд зааснаар 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулдаг. Харин хар тамхи борлуулсан, борлуулах зорилгоор биедээ авч явсан, хадгалсан, тээвэрлэсэн тохиолдолд Монгол улсын эрүүгийн хуулийн дагуу хариуцлага яригдана.

Шалгалтаар илэрсэн мансуурсан иргэд хэр зэрэг аюултай бодис хэрэглэсэн байна вэ?

-Илэрсэн зөрчлүүдийн тухайд монгол улсад ургадаг олсны ургамал илэрч байна. Эмчилгээнд хэрэглэдэг тариа, синтетик төрлийн хүчтэй мансууруулдаг 4 төрлийн бодис илэрсэн. Тухайн бодисуудын алийг нь хэрэглэсэн ялгаагүй тун хэтрүүлсэн тохиолдолд нас барах эрсдэлтэй. Өмнөх мансууруулах бодисоос авсан мэдрэмж нь ахин мэдрэгдэхгүй тохиолдолд донтогчид тун хэтрүүлэн хэрэглэж амиа алдах явдал элбэг байдаг. Хэрэглэх хугацаа нь ойртоход ч гэсэн амь нас эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учирдаг. Тун хэтрүүлээд нас бараагүй ч эрхтэн системээ тун хэтрүүлснээс болж гэмтээж бөөрний дутагдалд орж болно. Мөн зүрхний үйл ажиллагаа алдагдаж зүрх зогсох, амьсгал боогдох  эрсдэл бий. Хүн амын эмчилгээнд хэрэглэдэг энгийн жороор олгодог эмийг зориулалтын бусаар хэрэглэж мансуурдаг тохиолдол 2021 оноос насанд хүрээгүй хүүхэд багачуудын дунд  түгээмэл бүртгэгдэх болсон. 5-10 хүүхэд 1 зүү тариур хэрэглэж мансуурсан тохиолдол элбэг болсон. Ийм хэрэглээ нь халдварт өвчин цусаар дамжих магадлалыг нэмэхээс гадна амь нас эрүүл мэндэд ноцтой аюул дагуулж байгаа хэрэглээ.

Яг ийм шалтгаанаар 13 хүүхэд амь насаа алдсан бөгөөд 45 хүүхэд гар хуруугаа хэсэгчилсэн байдлаар тайруулж эрэмдэг болж үлдсэн харамсалтай түүх бий.

ГССҮТ-ийн эмч нарын мэдэгдэж байгаагаар хүүхдүүд гар хуруугаа тайруулахдаа “Би хар тамхи хэрэглэж байгаад ийм болчихлоо” гэж хэлдэггүй. Гараа хөлдөөсөн, мориноос унасан, хаалганд хавчуулсан зэргээр худлаа ярих нь элбэг. Эмч нар ачаалал ихтэй учраас учир шалтгааны араас тогтоох гэж явдаггүй. Хэрвээ эдгээр шалтгаануудыг судалж нарийн тогтоовол хар тамхи хэрэглээд гар хуруугаа тайруулсан хүүхдийн тоо улам нэмэгдэх магадлал бий. ЕБС-ийн хүүхдүүд эм тариа хэрэглэн мансуурч байна гэсэн дуудлагын дагуу шалгалт явуулахад 1 сургуулиас 45 хүүхэд мансуурдаг нь тогтоогдсон. Тиймээс эцэг эхчүүд, багш нар хүүхдийн гар шуунд зүү тариурын сорви бий эсэхийг шалгаж хоорондоо мэдээлэл солилцож хүүхдэдээ хар тамхины аюулын талаар үнэн зөв мэдээллийг өгч байх ёстой. Хар тамхи бол 1 хэрэглээд зогсож болдог зүйл биш, амь нас эрүүл мэндээ нөхөж баршгүйгээр хохироож мэдэх аюултайг хүүхдүүдэд ойлгуулах тун чухал байна.

Мансууруулах бодис хэрэглээд нас барсан тохиолдол хэр олон байгаа вэ?

-Сүүлийн 10 жилийн хугацаанд мансууруулах төрлийн бодис хэрэглээд 50 хүн нас барсан. Мансууруулах үйлчилгээ үзүүлж байгаа бүх бодис амь нас эрүүл мэндэд аюултай. Монголд ургадаг өвсний ургамлыг мөн хэтрүүлж хэрэглээд амиа алдаж байсан жишээ бий.

Хар тамхины хэрэглээ улам бүр нэмэгдсээр байна. Та хар тамхи мансууруулах бодистой тэмцдэг хүний хувьд манай улсын хар тамхитай тэмцэх хууль эрх зүйн орчныг хэрхэн үнэлэх вэ?

-Ажиглаж байхад гадаадын олон улс оронд хар тамхи борлуулж нийлүүлсэн гэмт хэрэгт оногдуулдаг ялын бодлого маш хатуу байгаа нь харагддаг. Хэрэглэгч донтогч өвчтэй гэж үзэж донтолттой тэмцэхэд ач холбогдол өгч байгаа нь анзаарагдсан. Монгол улсад хар тамхины хэрэглээ улам бүр нэмэгдэж байна. Хэрэглэгч донтогчийн тоо ч өссөөр байгаа нь үнэн. Хураагдсан бодисын тоо нэмэгдсэн. 2025 оны эхний хагас жилийн байдлаар хураагдсан мансууруулах төрлийн бодисын тоо 21 хувиар өссөн. Багасаж байгаа тухай тоо мэдээлэл огт сонсогдохгүй байна. НҮБ-аас гаргасан тоон прогнозоор 2030 он гэхэд хөгжиж байгаа улс орнуудад мансууруулах бодисын хэрэглээ 43 хувиар өснө гэсэн тооцоолол гарсан байна лээ. Хар тамхины хэрэглээг бууруулахын тулд эрэлтийг бууруулах нь тун чухал. Эрэлтийг бууруулахын тулд ухуулга сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажлыг сайтар өрнүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ялангуяа ЕБС-ийн дунд ахлах ангийн сургалтын хөтөлбөрт хар тамхины хор уршгийг таниулах хичээлийг оруулах шаардлагатай. Магадгүй хэн нэгэн, эсвэл хар тамхины өндөр хэрэглээтэй улс оронд очиход хүн мансуурахыг санал болгоход хэрэглэхээс шууд татгалзах дархлаатай иргэн бэлтгэх нь чухал. Эцэг эх асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтан, төрийн болон төрийн бус байгууллагууд хамгаалалтын хүчин зүйлсийг нэмэгдүүлж бүх түвшинд тэмцвэл үр дүн нэмэгдэх боломжтой.

Хар тамхи хэрэглэсэн тохиолдлуудад ямар төрлийн бодис түгээмэл хэрэглэсэн байна вэ?

-Хар тамхи хэрэглэсэн зөрчлүүдийн 70 хувь нь дотоодод ургадаг ургамлыг ашиглаж мансуурсан байдаг. 5 хувь нь эмчилгээний зориулалттай эм тариаг мансуурахад ашигласан байдаг бол 25 хувь нь гадаадаас Монгол улсын хилээр хууль бусаар орж ирсэн лабораторид химийн аргаар боловсруулж гаргаж авсан синтетик төрлийн бодис эзэлж байна. Монгол улсын хилээр хууль бусаар орж ирж байгаа дээрх бодисыг иргэд шунахайн сэдлээр нууж оруулж ирж байгаа гэж үзэж байгаа. Шуудан илгээмж, карго ашиглаж оруулж ирсэн зөрчлүүд илэрсэн байдаг. Зарим иргэдийн тухайд санамсар болгоомжгүйгээр бусдын илгээмжийг дайж авч явахдаа хар тамхи зөөвөрлөсөн тээвэрлэсэн хэрэгт хамсаатнаар холбогдох тохиолдол ч бий. Тиймээс бусдын ачаа дайврыг авч хил нэвтрэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Ялангуяа найз нөхөд, хамаатан садан танилын хүрээнд бусдын дайврыг авч яваад хэрэгт холбогдох тохиолдол байдаг гэдгийг мартаж болохгүй.

Мансууруулах бодис хэрэглээд гэмт хэрэг үйлдсэн тохиолдол олон байгаа байх?

-Мансууруулах бодис хэрэглэсэн хүн өөрийнхөө үйлдлийг хянах, тунгаах чадваргүй болдог. Энэ үедээ гэмт хэрэг үйлдсэн их олон тохиолдол байна. Тухайн бодисоо олж авахын тулд бусдын эд хөрөнгийг залилах, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргүүд байна. Хар тамхинд донтогчид мөнгөгүй юм чинь хэрэглэхээ больё гэдэг ухамсар байхгүй. 1 удаагийн тун бодис олж авахын тулд бусад төрлийн гэмт хэргийг үйлддэг. Мөн мансуурсан үедээ хүн амины гэмт хэрэг үйлдсэн хэд хэдэн тохиолдол бий. Мансуурсан хүүхэд хүүхдийн амь насанд халдсан асуудал байна. Өвс хэрэглэж мансуурсан этгээд бусдын амь насыг хөнөөж жорлондоо нуусан тохиолдол байгаа. Түүнчлэн ХУД-т болсон саяхан шүүхээр хэрэг нь шийдэгдсэн хэрэг байна. Хамтран амьдрагчаа амь насыг нь хохироож нохойд хаяж өгсөн аймшигт хэрэг хүртэл хар тамхитай холбоотой үйлдэгдсэн. Тиймээс бид хар тамхи мансууруулах бодисыг хор хохирол аюулыг нийтээрээ ойлгож сэргийлэхэд анхаарах нь чухал байгааг ахин сануулмаар байна.

Мэдээлэл өгч, олон нийтийг сэрэмжлүүлсэнд баярлалаа


2 responses to “Цагдаагийн хурандаа Б.Батхуяг: Хар тамхи хэрэглэснээс сүүлийн 10 жилд 50 хүн амь насаа алдсаны дотор мансууруулдаг өвс хэрэглэж амиа алдсан жишээ бий”

  1. Хар тамхи бол 2000 оны эхээс эхлэлтэй. Тухайн цагаас хойш Монгол улс анх дамжин өнгөрөх байсан бол хэрэглэгч улс болсон. Харин залилан сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж нэмэгдэж эхэллээ. Энэ хуулийн цоорхой болон ялыг бодлогоо нэмэгдүүлэхгүй бол барилга барих нэрийдлээр маш олон хүмүүсийг залилсаар байна. Хуульчтай эдийн засагчтай бүлэг хүмүүс олон жил ялгүй луйвараа үргэлжлүүлсээр байна. Энэ тал дээр дорвитой арга хэмжээ авж ялын хэмжээг нэмэгдүүлж эрчимтэй тэмцэхгүй бол цаашид нэмэгдсээр л байна.

  2. Цагдаа нэг аян хийхээрээ тэр лүүгээ л анхаараад бусдыг нь хамт шалгаад явахаа мэддэггүй. 21 хүрээгүй баахан пацаанууд клубээр дүүрэн согтуу байхад, давхар шалгаад, арга хэмжээ авах хэрэгтэй ш д. Архидалт ячинь илүү асуудал шүү ер нь.

Leave a Reply to Иргэн Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *