Цунамын аюулын түгшүүрийг Японы зүүн эргийн дагуу, АНУ-ын Аляска, Калифорни, Орегон муж улсуудад зарласан.
Тэгвэл Парамушир арлын Умард Курил хотын эргийн бүсэд (Курилийн арлууд, Сахалин муж) цунамын гурван давлагаа орж иржээ.
Сүүлчийн давлагаа хүчтэй байсан бөгөөд боомтод бэхлээтэй байсан усан онгоцуудыг далайн хоолой руу түрж оруулсан гэж хотын захирагч Александр Овсянников мэдээлсэн байна.
“Цунамын эхний давлагаа эрэг рүү 200 орчим метрт орж ирсний дараа дахин хоёр давлагаа ирсэн, хоёр дахь нь сул байсан бол гурав дахь нь илүү хүчтэй байсан аж.
Сүүлчийн давлагаа усан онгоцуудыг хоолой руу түрж гаргаж, боомтын дэд бүтэц эвдэрсэн” гэж тэрбээр мэдээлжээ. Оросын Онцгой байдлын яамнаас мэдээлснээр, Умард Курил хотын боомт, мөн “Алаид” загасны үйлдвэр усанд автжээ. Хотын оршин суугчдыг цунамын аюул бүрэн арилтал өндөр газар руу нүүлгэн шилжүүлсэн байна.
Камчаткийн орчимд өнөө өглөө1952 оноос хойших хамгийн хүчтэй буюу 8.7 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 7.5 хүртэлх магнитудын хүчтэй чичирхийллүүд нэг сарын турш үргэлжлэх төлөвтэй байгааг судлаачид мэдээлжээ.