АНУ пүрэв гарагт Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлахад хүргэсэн, үнэн зөв мэдээллийг өгсөн хүнд олгох шагналын хэмжээг 50 сая ам.доллар болгон нэмэгдүүлжээ.
Энэ оны 1-р сард түүний талаарх мэдээллийг 25 сая ам.доллароор үнэлж байснаас ийнхүү хоёр дахин нэмэгдүүлсэн байна.
“АНУ-ын Хуульзүйн департмент болон Төрийн департментын зүгээс Николас Мадурог баривчлахад хүргэсэн мэдээлэлд 50 сая ам.долларын түүхэн шагнал олгохоо зарлаж байна, тэр бол манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй дэлхийн хамгийн томоохон хар тамхины наймаачдын нэг юм” хэмээн тус улсын ерөнхий шүүгч Пэм Бонди мэдэгдсэн байна.
Пэм Бонди мөн Н.Мадурог Венесуэлийн хар тамхины Трен де Арагуа, Мексикийн Синалоа картельтай хамтран ажиллаж байсан хэмээн хэлжээ.
АНУ-ын Хуульзүйн департментын зүгээс Николас Мадурог хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт буруутгаснаас гадна Венесуэлийн улсын 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд байгуулсан түүний ялалтыг Вашингтон хүлээн зөвшөөрөөгүй билээ.
Түүнчлэн Венесуэлийн ерөнхийлөгчийг хорь гаруй жилийн турш АНУ-д олон зуун сая тонн хар тамхийг оруулж ирэн, олон зуун сая ам.долларын ашиг орлого олсон “Нарны картель” хэмээх кокаины наймаа эрхэлдэг бүлэглэлийг толгойлдог хэмээн буруутгасан байна.
АНУ-ын ерөнхий шүүгч Пэм Бонди мөн мэдэгдэлдээ Мадуро болон түүний туслахуудтай холбогдох нийт 30 тонн кокаиныг хураан авч, Мадуротой холбоо бүхий 700 сая гаруй ам.долларын эд хөрөнгийг хурааж авсан гээд, “ерөнхийлөгч Трампын засаглалын үед Мадуро хууль, шударга ёсноос зугтаах боломжгүй, түүний үйлдсэн жигшүүртэй гэмт хэргүүдэд хариуцлага хүлээлгэх болно” гэжээ.
