АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Армен, Азербайжаны хооронд “түүхэн энхийн гэрээ” байгуулах ёслолын арга хэмжээг баасан гарагт Цагаан ордонд зохион байгуулна хэмээн өөрийн нийгмийн сүлжээний Truth Social платформд мэдэгдсэн байна.
Тэрээр пүрэв гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ “Арменийн ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев нар хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан хоёр орны хооронд олон жилийн турш үргэлжилж, олон мянган хүний амь насыг авч одсон зөрчилдөөнийг өндөрлүүлэх “түүхэн энхийн гэрээ”-г байгуулах ёслолд миний хамт оролцох болно” гэжээ.
Мөн түүнчлэн “өнөөдрийг хүртэл дэлхийн олон удирдагчид энэхүү дайныг зогсоох оролдлого хийсэн ч амжилт олж байгаагүй, харин Трампын ачаар энхийн гэрээ байгуулахаар боллоо, миний засаг захиргаа хоёр талтай нэлээд хугацааны туршид холбогдон ажилласан, хоёр улсын эрэлхэг зоригтой удирдагчдаар миний бие маш их бахархаж байна, энэ баасан гарагт Армен, Азербайжан, АНУ, дэлхий ертөнцийн хувьд түүхэн өдөр байх болно” хэмээн бичсэн байна.
Уулын Карабахын бүс дэх газар нутгийн маргааны улмаас олон арван жил дайтсан өстөн дайснууд болох Баку, Ереваны хооронд хоёр удаа томоохон дайн дэгдэж байсан түүхтэй.
Хоёр тал зөрчилдөөнөө энхийн байдлаар шийдэх яриа хэлэлцээг олон удаа явуулж, хамгийн сүүлд өнгөрсөн сард АНЭУ-д уулзсан ч нэгдсэн тохиролцоонд хүрээгүй юм. Гэхдээ өнгөрсөн 3-р сард талууд иж бүрэн энхийн хэлэлцээрийн баримт бичгийг үндсэндээ зөвшөөрөөд байсан ч Азербайжан улс хэлэлцээрт гарын үсэг зурахаас өмнө Уулын Карабахын бүсийг өөрийн газар нутгийн бүрэлдэхүүн хэсэг хэмээн Армен улс үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийж оруулснаа цуцлах гэх зэрэг хэд хэдэн шаардлагыг тавьсан. Баасан гарагт байгуулах энхийн гэрээнд дээрх урьдчилсан болзол шаардлагыг биелүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.
Д.Трамп мөн “эдийн засгийн боломжуудыг хамтдаа эрэлхийлж, Өмнөд Кавказын бүс нутгийн нөөц бололцоог бүрэн нээхийн тулд Армен, Азербайжан улсуудтай Вашингтон хоёр талт хамтын ажиллагааны багц гэрээгбайгуулах болно” гэжээ.
Пүрэв гарагт хэдийнээ нэг томоохон гэрээг Вашингтонд байгуулсан нь Америкийн ExxonMobil, Азербайжаны төрийн өмчит эрчим хүчний SOCAR компанийн хооронд байгуулж, гарын үсэг зурсан хамтын ажиллагааны санамж бичиг байсан бөгөөд ёслолын арга хэмжээнд Азербайжаны ерөнхийлөгч И.Алиев болон Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткофф нар байлцсан байна.
Трампын хувьд хоёр дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа Энэтхэг-Пакистан, Тайланд-Камбож, одоо Армен-Азербайжаны зөрчилдөөнийг зуучлан, энхийн гэрээ байгуулахад хүргээд байгаа ба мөн түүний засаг захиргаа Израил-Хамас, Орос-Украины дайныг зогсоохын төлөө ажилласаар байгаа билээ. Түүний энэ бүх хүчин чармайлтын цаана Нобелийн энх тайвны шагнал хүртэх хүсэл байгааг ч үгүйсгэхгүй талаар олон улсын хэвлэлүүд бичиж байна.
