Явган хүний замаар аюулгүй зорчих аргагүй боллоо


Танилын хүү скүүтерт мөргүүлээд, үүдэн шүд нь бүгд хугарчээ. Яарч сандран гүйж явахад нь түүнтэй таарч юу болсон талаар асуухад ийн хэлээд нулимс дуслуулан гүйж одов. Хүүгийн үүдэн гурван шүд унажээ. Сургууль руугаа очоод буцаж явахдаа явган хүний замаар скүүтертэй хурдалж явсан залууд мөргүүлэн, ийнхүү шүднээсээ салж, хөл гараа хөх няц болтол дайруулсан байна.

Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс гаргасан статистикаар энэ оны эхний 6 сарын байдлаар осол гэмтэлд өртсөн нийт хүний 12.6 хувь нь 10-14 насны хүүхэд байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт аж. Мөн гэмтсэн хүмүүсийн 38.9 хувь нь 18 хүртэлх насныхан байв. Тэдний дийлэнх нь гудамж, талбайд гэмтсэн байна.

Энэ оны эхний 6 сарын байдлаар осолд өртсөн нийт хүний 12.6 хувь нь 10-14 насны хүүхэд байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт аж

Хичээлийн шинэ эхэлж гудамж, талбайн хөл хөдөлгөөн эрс нэмэгдлээ. Хүүхэд, хөгшид голдуу явдаг явган хүний зам өнөөдөр аюулгүй байхаа нэгэнт больж, бүр нэн аюултай зам болсон гэвэл нэг их хэтийдсэн болохгүй.

ХҮНИЙ АЛХАХ ХУРДТАЙ ТОХИРУУЛАН СКҮҮТЕРЭЭР ЗОРЧИНО

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд ийм зохицуулалт бий. “Түрээсийн буюу 20 км/ цаг хүртэл хурдалдаг скүүтрийг унахдаа явган зорчигчийн хурдтай ижил түвшинд зорчино” гэсэн заалттай. Өөрөөр хэлбэл, хүний алхах хурд дунджаар 5 км/цаг учир явган хүний замаар цахилгаан скүүтерээр зорчихдоо энэ хурдыг л барьж явна.

Харин 50 шоо см-ээс ихгүй ажлын багтаамж бүхий дотоод шаталтат хөдөлгүүртэй, эсвэл 4кВт-аас илүүгүй чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн хурд нь цагт 50 км-ээс ихгүй, хоёр буюу гурван дугуйт тээврийн хэрэгслийг “мопед” гэнэ. Мопедыг 16-ааш дээш насанд хүрсэн хүн хэрэглэхийг зөвшөөрчээ. Үүнийг унахдаа тохойвч, өвдгөвч, бугуйн хамгаалалт, зориулалтын хамгаалалтын малгай, тод өнгийн хувцас өмсөх юм байна. Анхаарал сарниулахуйц, харагдах орчноо хязгаарлах, орчноос тусгаарлах гар утас, таблет, чихэвч зэргийг хэрэглэхгүй гэжээ. Замын зорчих хэсгийн баруун гар талын хөвөөгөөр болон унадаг дугуйн замаар зорчих ёстой.

Анхаарал сарниулахуйц, харагдах орчноо хязгаарлах, орчноос тусгаарлах гар утас, таблет, чихэвч зэргийг хэрэглэхгүй гэжээ. Замын зорчих хэсгийн баруун гар талын хөвөөгөөр болон унадаг дугуйн замаар зорчих ёстой

Огт хэрэгждэггүй заалтууд бол энэ. Бодит байдалд эдгээр заалт бүр яг эсрэгээрээ. Бараг бүгдээрээ том, том чихэвч зүүчихсэн, гар утсаа оролдон, замын хөдөлгөөнд оролцож байна. Авч байгаа арга хэмжээ ч гэж алга. Тоож байгаа газар ч бий эсэх нь эргэлзээтэй. Дэмий л сошиалд хэдүүлээ маргалдаж, хана мөргөхөөс цаашгүй сууна.

Ийм унаатай хүмүүс сүүлийн үед машинтай мөргөлдөхөөс илүү явган зорчигчийг мөргөх нь их болжээ. 744 иргэн мопед, цахилгаан дугуй, скүүтерээс онхолдсон бол 65 иргэн энэ төрлийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтсэн байна. Энэ баримт хий хоосон сүржигнэл биш, бодит аюул нүүрлэснийг хэлэх биз.

Гэхдээ замын хөдөлгөөний ачаалалд бага ч болов үүрэг гүйцэтгэж буй мопед түрээслэгч нарыг дэгээдэж унагаах талаар энд яриагүйг хэлье. Мопед нэг минут түрээслэх үнэ 250 төгрөг. Үүнд НӨАТ орсон. Татвар төлөгч эдгээр байгууллагаа дэмжих эсэх нь төрийн хэрэг. Замын хөдөлгөөнөө зохицуулах нь төрийн үүрэг.

Урсгал сөрөх, эгнээ байр сүлжих, явган зорчигчийн замаар хурдлах зөрчил тоймоо алджээ. Гэтэл энэ талаарх иргэдийн мэдлэг нимгэн, сургалт, сурталчилгаа ч алга. Ийм төрлийн зөвлөгөөг та олж харсан уу. Бодит байдлаас холдсон, хэрэгжихгүй байгаа хууль, дүрмээ хурдан эргэн харж, цаг үедээ тохирсон зохицуулалтыг хурдан шуурхай хийдэг баймаар байна.

,

One response to “Явган хүний замаар аюулгүй зорчих аргагүй боллоо”

Leave a Reply to 106 Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *