Европын Холбоо албан ёсоор гелен хумсны будагт өргөн хэрэглэгддэг найрлагын нэг болох TPO-г аюултай хэмээн үзэж, хориглолоо. Судалгаагаар энэ бодис нь хорт хавдар үүсгэх, нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд анхааруулжээ. Харин АНУ-ын хувьд гелен хумсны будагт хараахан зохицуулалт хийж эхлээгүй байна. Ийнхүү есдүгээр сарын 1-нээс эхлэн Европын Холбооны нутаг дэвсгэрт TPO агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, салонд хэрэглэхийг бүрэн хориглосон байна. Ингэснээр олон төрлийн гелен будаг дэлгүүрийн лангуун дээрээс болон салоноос татагдан, устгагдахаар болжээ.
Гелен будгаас үүсэлтэй харшлын тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд манай улсад хумсны эмгэг өөрчлөлт бүртгэгдэх болсныг эмч нар гелен будгийн хор нөлөө байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Гелэн будгийг хатууруулахын тулд тусгай ультрафиолет (UV) гэрэл ашигладаг бөгөөд энэ нь будгийг богино хугацаанд хатааж, удаан тогтоцтой болгодог. Гэвч энэхүү технологи, түүний найрлага дахь зарим химийн бодис болон UV туяанд хумсаа удаан хугацаанд хатаах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй талаар сүүлийн үеийн судалгаанууд анхааруулсаар байна.
Жишээлбэл, Америкийн Байгаль Орчны Эрүүл Мэндийн Судалгааны Хүрээлэн (NIEHS)-ийн хийсэн судалгаагаар, гелэн будагт агуулагддаг фталат, формальдегид, толуол, акрилат зэрэг химийн бодисууд нь хүний дотоод шүүрлийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлж, дааврын тэнцвэрийг алдагдуулах, үргүйдэл, таргалалт болон бодисын солилцооны өөрчлөлт үүсгэх эрсдэлтэйг анхааруулсан байна. Түүнчлэн хумс байнга будагтай байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэнэ.
