Тарваган тахлын тархалт огцом өссөнд тайлбар шаардъя


Есдүгээр сарын 3-нд Хөвсгөл аймагт 3 хүн тарваган тахлын халдвар авсан байтал тавхан хоногийн дотор 96 болж, халдвар авсан хүний тоо огцом өслөө. Юуны учир вэ?  

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас агнасан тарваганаас тахлын халдвар авч, Мөрөн дэх аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн нас барсан. Түүнийг хүлээн авч, тусламж үйлчилгээ үзүүлэн, эмчилж байсан 14 эмч, сувилагч, ажилчин тарваган тахлын халдвар авчээ. Тэднээс авсан ПГУ-ын шинжилгээний хариу эерэг гараад байна.

Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн бүх ажиллагсад гоц халдварт өвчний халдвар авч, тусгаарлагдлаа.  Үүний улмаас тус тасгийн үйл ажиллагаа доголдоход хүрчээ.

Гэхдээ хавьтагчдын тоо чухам яг хэдэд хүрснийг хэлж мэдэхгүй байна. Халдвар тархахыг тогтоож чадсан уу, халдвар авсан хүмүүс өвчний нууц үедээ бусдад халдаагаад байгаа юм биш үү гэсэн асуултад хариу алга байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Булчирхайн хэлбэрийн тарваган тахал нууц үедээ халдахгүй” гэж тайлбарлаж байхад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга З.Энхболд “Булчирхайн хэлбэрийн тарваган тахал нууц үедээ халдварлаж болно” гэсэн илт зөрүүтэй мэдээлэл өчигдөр өглөө.

Тэгвэл эрүүл мэндийн ажилтнууд бөөнөөрөө ингэж өвдөх шалтгаан юу байв. Нэгэнт голомтод ажиллахаар очсон эмч, ажилчид тарваган тахлын хор уршгийн талаар мэдэхгүй байна гэж байх уу. Бүхэл бүтэн аймгийн халдвартын тасгийнхан, хамгаалж, эмчлэх зорилготой очсон эмч мэргэжилтнүүд бүгд халдвар авсанд тайлбар сонсох эрх нийтэд бий.

Мэргэжилтнүүд ингэж олноороо өвчилсөн анхны тохиолдол ч байж мэднэ. Тэгвэл Хөвсгөл аймгаас Улаанбаатарт ирсэн, халдвар авсан байх магадлалтай нэг иргэн Улсын 3-р төв эмнэлэгт ирж, хэвтэн эмчлүүлж байгаа тухай албан бус мэдээ байна. Аль ч мэдээлэлд энэ тухай дурдаагүй бөгөөд сураг ажиг тавьсан сэтгүүлчдийн асуултад “Үгүй” гэсэн тайлбарыг өгөв.

Тэгвэл ХӨСҮТ-ийн дарга З.Энхболд “Нас баралтын түвшин өндөр. Ковид-19 халдвараас 3-4 дахин өндөр эрсдэлтэй” хэмээн тарваган тахлын эрсдэлийг тайлбарласан.

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин. Хэдийгээр намрын намарт энэ өвчин гарч, хөл хорио тогтоон, тэр даруйд нь голомтыг хумьж, халдвар тархахыг зогсоож чаддаг ч энэ удаад яагаад ийн анхаарал сулрав гэдэг асуулт байсаар байна.

Нэгэнт голомтод очиж байгаагаа мэдэж байгаа эмч нарын хувьд хамгаалах хэрэгсэл, амны хаалт зүүсэн л байх. Энэ хамгаалах хэрэгслүүд бүрэн бүтэн байсан уу. Эсвэл тэд халдвараас хамгаалах дэглэмээ зөрчсөн үү? Учир юунд байна гэдгийг олон нийтэд ул суурьтай мэдээлэх ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *