Прокурорын байгууллагаас гаргасан судалгаагаар мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсөх хандлагатай байна. Тодруулбал, 2021–2025 оны хооронд нийт 1297 хүн мансууруулах бодистой холбоотой хэргээр шүүхээс ял шийтгүүлсэн байна. Үүнээс 2021 онд 229, 2022 онд 237, 2023 онд 263, 2024 онд 248 хүн ял шийтгүүлсэн бол 2025 онд хамгийн өндөр буюу 320 хүн ял авчээ.
Энэ оны нэгдүгээр улиралд прокурорын байгууллага мансууруулах бодистой холбоотой 192 гомдол, мэдээлэл, 185 хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 106 хэргээр буюу 57.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 2026 онд 193 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 146 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Насны ангиллаар авч үзвэл яллагдагчдын 3.1 хувь нь 14–18 насныхан, 31 хувь нь 18–25 насныхан, 40.9 хувь нь 25–35 насныхан, 24.3 хувь нь 35-аас дээш насныхан эзэлж байна. Хүйсийн хувьд яллагдагчдын 87.5 хувь нь эрэгтэй, 12.5 хувь нь эмэгтэй байгаа бол 78.2 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна. Мөрдөн шалгасан хэргүүдээс 51-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
2026 оны эхний улиралд нийт 124 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 42-оор буюу 51.2 хувиар нэмэгдсэн байна. Эдгээрээс 83 буюу 66.9 хувийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах саналтайгаар шүүхэд хүргүүлснээс 46 хүнд 7–30 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ. Зөрчилд холбогдсон иргэдийг насны ангиллаар авч үзвэл 14–17 насны 12, 18–25 насны 24, 26–35 насны 7, 36-аас дээш насны 3 хүн байгаа бол хүйсийн хувьд 76.1 хувь нь эрэгтэй, 23.9 хувь нь эмэгтэй байна.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд С. Амарсайхан хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээтэй холбоотой гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах чиглэлийг цагдаагийн байгууллагад өгчээ.

Энэ талаар “Хар тамхи, мансууруулах бодисын хэрэг нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийлүүлэлтийн сүлжээг илрүүлэх, таслан зогсоох, устгах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүл. Цагдаагийн алба хаагчид хар тамхитай холбоотой гэх хардлагыг ил тод шалгаж, буруутай бол хариуцлага тооцох, буруугүй бол нэр хүндийг нь хамгаалах хэрэгтэй” гэж онцоллоо.
