Истанбулаас Улаанбаатар хотод 4 дүгээр сарын 18-нд онгоцоор ирсэн Монгол Улсын иргэн сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Энэ хэргийг ГЕГ, ТЕГ, ЦЕГ хамтран илрүүлсэн байна.
Тухайн иргэний Туркээс авчирсан бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын II хавсралтад багтсан метамфетамин байв. Тэрхүү 417 грамм бодисыг электрон бараанд нууж, дагалдах ачаандаа хийсэн байжээ. Түүнийг нь Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын ажилтан хяналтын бүсэд рентген аппаратаар илрүүлжээ.
Уг хэргийг гаалийн байгууллага хойшлуулшгүй ажиллагаа хийгээд, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанд шилжүүлсэн байна. Уг хэргийг одоо прокурорын хяналт дор Хар тамхитай тэмцэх алба мөрдөн шалгаж байна.

