Б.Билэгт: Авлигын хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна


Гаалийн байцаагч нар авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй хэргийн талаар АТГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн Б.Билэгтээс тодрууллаа.

-Өчигдөр авлига авч байсан төрийн албан хаагчийг үйлдэл дээр нь баривчилсан тухай мэдээлэл гараад байна. Энэ тухай тодруулахгүй юу?

-Өчигдөр гаалийн ерөнхий газрын улсын байцаагч СХД-ийн нутаг дэвсгэрт 50 сая төгрөгийн хахуулийг автомашиндаа авч буй үйлдлийг АТГ-ын мөрдөгчид илрүүлсэн. Нэр бүхий тээвэр зуучийн үйлчилгээ эрхлэгчийн захирлаас албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосныхоо хариуд авлига авч байгаад баригдсан уг үйлдлийг хойшлуулшгүйгээр баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-Уг хэрэгт ямар зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байна вэ?

-Дээрх гаалийн байцаагчтай холбоотойгоор АТГ-аас мөнгө угаах, албан тушаалаа урвуулан ашиглах, хахууль авах зэрэг 3 зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байна.

-Замын-Үүдийн гаальд мөн хяналт шалгалт явуулсан тухай мэдээлэл байна?

-Замын-Үүдийн гаалийн газрын байцаагч нартай холбоотой шалгалтын ажиллагааг ч мөн явуулж байна. Энэ хэрэгт гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болон гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаж байгаа. Түүнчлэн тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж буй. Уг хэрэгт гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 орчим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг холбогдуулан шалгаж байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

, , ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *