Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт мэдээллийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Прокурорын байгууллага 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 77 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ. Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 57 хэрэг, хахууль авсан, хахууль өгсөн 20 хэрэг байна.
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 4 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд анхан шатны шүүхээр 12 хүнд холбогдох 6 хэргийг шийдвэрлүүлж, шүүхээс 12 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна.
Тодруулбал,
-.Ж.Г нь … дүүргийн татварын хэлтсийн дарга, Д.Б нь захиргааны тасгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүлэглэн төсвийн хөрөнгөөс 107 сая төгрөгийг нэр бүхий 17 албан хаагчид шагнал, урамшуулал хэлбэрээр олгож, улмаар 15 алба хаагчаас 40,1 сая төгрөгийг буцаан авч, 17,7 сая төгрөгийг байгууллагын арга хэмжээнд зарцуулж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, мөн Ж.Г нь 22,3 сая төгрөгийг хувьдаа авч, өөртөө давуу байдал үүсгэж, төсөвт их хэмжээний буюу 107 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Ж.Г-г албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн хоёр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял, мөн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Д.Б-г албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нараар нийт 51 сая төгрөгийг төлүүлж, иргэний хариуцагч нараас 38,5 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Авлигын гэмт хэрэг нь нийгэмд ноцтой үр дагавар учруулдаг учир 20 хүртэлх жилээр хорих ялаар, бүх насаар нь нийтийн албанд ажиллах эрхийг хасахаас гадна, ашиг сонирхлын зөрчил болон хуульд заасан хэм хэмжээг зөрчвөл ажлаас халах хүртэл арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалттай.
