ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, “ДУБ” ХХК-ийн захирал Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болж байна. Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сард түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны хоёрдугаар сарын 26-нд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн ч Дээд шүүх уг тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Хэрэв буруутай гэж үзэх юм бол “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” хуулийн заалттай байна.
