Мод тарих нүхэндээ үхсэн нохой, муур хийх нь зөв


Мод тарьж мэддэг хүн үндсийг нь хардаг. Мэдэхгүй хүн өндрийг нь хардаг. Энэ үгийг мэдэж аваад, мод тарихдаа анхаарах хэрэгтэй байгаа юм, манайхан. Үртэй бүхэн ургаж, үндэстэй бүхэн цэцэглэнэ гээд өвөг дээдэс энэ тухай хэлчихсэн байдаг юм шүү дээ.  

Ургамлын үндсийг маш хурдан тэтгэх хялбар агаад үнэгүй арга бол устгасан нохой, муураа хийх юм. Энэ бол мод тарьж, ургуулж сурсан хятадуудын төдийгөөс өдий болтол хэрэглэж ирсэн, шилдэг бордоо.

Хөрсөнд тарьсан модыг ухаж аваад, өөр газарт тарих хооронд тухайн мод маш их ядардаг. Яг л хүн шиг. Хүүхдийг дассан сургуулиас нь өөр сургуульд шилжүүлж, найз нөхдөөс нь холдуулахад яаж нервитдэг билээ дээ. “Inside out” кинонд гардаг шиг зүйл модонд бас тохиолддог юм шүү дээ.

“Inside out” кинонд гардаг шиг зүйл модонд бас тохиолддог юм шүү дээ

Үүнийг ургамал судлаачид хэдийнэ тогтоосон байдаг. Тиймээс ч манай улсын ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд Ургамлын стресс физиологийн лаборатори гэж бий. Ийм стрессээ давж гарахад нь хүн тусалбал тэр ургамал тухайн хөрс, орчиндоо хурдан дасан зохицож, ургадаг. Хүн яаж туслах вэ гэвэл бордох, услах л хэрэгтэй. Стрессээ даван туулахад нь ургамалд яаж туслах вэ гэдгийг судлаачид судлаад, бордоо гаргаж авсан байдаг. Манай улсын цэцгийн дэлгүүрүүд ийм бордоо зардаг.

Ийм нэг бордоо бол үхсэн амьтан. Тэртэй тэргүй устгасан нохой, муурыг мод тарихаар ухсан нүхэндээ хийх нь харин ч зөв зүйл. Мод тарихад мөнгө, цаг, сэтгэл гаргаж чадахгүй манайханд бол энэ бол хамгийн тохиромжтой, үнэгүй бордоо.   

Нийслэлийн Статистикийн газрын тооцсоноор Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур байгаа бол эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур байна. УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ц.Очироо “Нохой жилдээ 2-3 удаа үржилд ордог. Гэр хорооллын айл өрхүүд нохойгоо хашаанаас гадна сул тавьж алддаг. Нохойныхоо гөлгийг гудамжинд төөрүүлдэг. Эм нохой нэг удаад 6-12 гөлөг гаргадаг. Үүний 80 хувь нь эм гөлөг байдгаас өсөлт маш ихээр нэмэгддэг. Олон улсын байгууллагын судалгаагаар нохой 6 жилд 67-70 мянга болж өсдөг. Хотын захаар болон ууланд эзэнгүй ноход олноор сүрэглэн зэрлэгшиж, мал, хүн, амьтан руу дайрах эрсдэл үүсээд байна. Иймд бид иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй муур, нохойн тоог багасгах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна” гэж сарын өмнө мэдээлж байлаа.

Хаягдсан ноход хотын гудамж, зуслангаар хэсүүчлэн хүн айлгаж, Богд ууланд гарч гөрөөс барих болжээ

Нийслэлийн 5 дүүргийн худалдан авах ажиллагааны газар 2025 онд нийт 1.7 тэрбум төгрөгөөр эзэнгүй нохой, муур устгуулах тендер зарласан. Сонгинохайрхан дүүрэг 642 сая төгрөгөөр 26.766 муур, нохой устгуулжээ. Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба 450 сая төгрөгөөр эзэнгүй нохой, муур устгуулж, битүү бүхээгтэй машинаар тээвэрлэн, Цагаандавааны хогны цэгт хүргэж, булжээ.  

Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны газар 245 сая төгрөгөөр 10.208 нохой, муур устгасан байв. Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны газар үүнд 220 сая төгрөг төсөвлөж, эзэнгүй нохой, муурыг зориулалтын өгөөш, уурга, тороор барьж, асрах газарт хүргүүлжээ. Хүн рүү дайрсан тохиолдолд механик болон бусад аргаар устгахыг зөвшөөрсөн байв. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба үүнд 143.6 сая төгрөг зарцуулж, 5984 нохой муур устгуулжээ. 1 нохой, муур устгахад 24 мянган төгрөг зарцуулсан байна.

2024 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 2800 гаруй айл, 2025 онд 1305 айл газраа чөлөөлжээ. Тэд нохойгоо гудамжинд хаясан байна. 2026 онд 8000 гаруй айлын газрыг чөлөөлнө. Тэдний нохой бас л гудманд орхих биз. Хаягдсан ноход хотын гудамж, зуслангаар хэсүүчлэн хүн айлгаж, Богд ууланд гарч гөрөөс барих болжээ.

Жил бүр эзэнгүй орхигдож байгаа энэ олон нохойг хогны цэгт аваачин хаяж байхаар мод тарих нүхэндээ хийвэл маш сайн бордоо болно. Хөдөөнийхөн ч үхсэн малынхаа сэг зэмийг булах нүхэндээ мод таривал сайн сан.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *