Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг хэлэлцэлгүй 365 хоножээ


Хөрөнгө хураах хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Алтангэрэл яг 1 жилийн өмнө санаачлан өргөн барьсан ч тухайн хууль одоо болтол чуулганаар хэлэлцэсэнгүй. 100 сая төгрөг хүртэлх үндэслэлгүй хөрөнгөжсөн бол эрүүгийн хэрэгт тооцдог болох тухай зохицуулалт бүхий уг хуулийн төсөл нь шүүхийн шийдвэрийн араас хэрэгжих зохицуулалттай учраас хүн хэлмэгдүүлэх үндэслэлгүй гэдгийг хууль санаачлагч тайлбарлаж байна.

УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан ажиллаж байх үед буюу 2025 оны намрын чуулганы хэлэлцэх асуудлын 18-д багтаж байсан ч эрх баригчдын албан тушаалын маргаанаас болж хөрөнгө хураах хуулийн төслийг хэлэлцэж амжаагүй түүх бий. Үүний дараа одоогийн ерөнхий сайд Н.Учралыг спикер байхад хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дарааллын 9-нд эрэмбэлэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хөрөнгө хураах хуулийг хэлэлцэлгүй хойшлуулсаар байна. Гэтэл өчигдөр өргөн барьсан хууль өнөөдөр хэлэлцээд эхэлдэг жишээ олон байгаа юм. Бүтэн жил хэлэлцүүлгээ хүлээж байгаа хөрөнгө хураах хуулийн өмнүүр Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эргүүлэн татах хуулийн төсөл, Гадаад зээллэгийн үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төсөл унасан ч ахин өргөн баригдаад ахин оочер дайран хэлэлцүүлж эхлээд явж байна.

Хэрэв хөрөнгө хураах хуулийн төслийг хэлэлцэж баталж чадвал 2005, 2008, 2013 онд гарсан өршөөлийн хуулиудад хамрагдсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болж хөрөнгөө аваад үлдчихсэн жишээ олон бий. Тэдний завшсан хөрөнгийг улсад хураах боломж бүрдэнэ. Түүнчлэн 2002 оноос хойш төрийн өндөр албан тушаал хашиж байсан иргэд үндэслэлгүй хөрөнгөжсөн бол хөрөнгөө хураалгах нөхцөл бүрдэх юм. Манай улсын эрүүгийн хуульд 100 сая төгрөг хүртэлх мөнгөн дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн бол эрүүгийн хэрэгт тооцдоггүй. Шалгаад 99 сая төгрөгийн үндэслэлгүй хөрөнгө гараад ирвэл Монгол улсын хуулиар хураах нөхцөл бүрддэггүй байна.

Хэрэв хөрөнгө хураах хууль батлагдвал төрийн өндөр албан тушаал хашиж байсан 3000-5000 орчим хүний хөрөнгийг шалгах нөхцөл бүрдэнэ. Гэвч хөрөнгө хураах хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхгүй хойшлуулах асуудал хэдий болтол үргэлжлэхийг таамаглах аргагүй байгаа юм.

Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн О.Алтангэрэл хөрөнгө хураах хуулийн төслийг яаралтай парламентаар хэлэлцүүлж өгөхийг УИХ-ын дарга С.Бямбацогтоос шаардах гэнэ.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *