Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Голмод хэмээх газарт 2026 оны 5 дугаар сарын 12–25-нд археологийн малтлага хийж, Монголын эзэнт гүрний үед холбогдох долоон булшийг малтан судаллаа. Судалгааны багийг Археологийн хүрээлэнгийн доктор Ж.Баярсайхан ахалж, Америкийн Мичиганы их сургуулийн судлаач доктор Браян Миллер хамтран ажиллажээ.
Малтлага, судалгааны явцад өрөмтэй шаазан ваар, шаар ваар, эмээл, дөрөө, амгай зэрэг адууны иж бүрэн тоног хэрэглэл, төмөр зэв, саадагны тоноглол, төрөл бүрийн чимэглэл зэрэг Монголын Эзэнт Гүрэний үеийн нийгэм, соёл, ахуйг судлахад өндөр ач холбогдолтой хосгүй үнэт олдворууд илэрчээ. Доктор Ж.Баярсайхан “Өмнө нь Монголын нутаг дэвсгэрээс бүрэн бүтнээрээ илэрч байгаагүй олдвор эндээс олдлоо. Монголын Эзэнт Гүрэний үеийн судалгаанд онцгой ач холбогдолтой” хэмээн онцолсон байна.
Өнөөдөр Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар уг судалгааны ажилтай газар дээр нь танилцаж, түүх, соёлын өвийг хамгаалах, цаашдын судалгааны ажлыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Одоогоор илэрсэн олдворуудыг бүртгэн баримтжуулах, сэргээн засах, нарийвчлан шинжлэх ажил үргэлжилж байгаа аж. Судалгааны үр дүнг олон нийтэд үе шаттайгаар танилцуулах юм.
