Нүүрс бол ийм аюултай түлш


1. Энэ уг нь гоё тоо. Тамирчинд бол алтан медаль. Эрдэмтэнд бол “Нобел”, жүжигчинд бол “Оскар” гэсэн үг. Сэтгүүлчид бол “Отгонбаяр” шагнал.

Ийм гоё тоо муухай харагдах тохиолдол бас байна аа. Монгол Улс элэгний хорт хавдар туссан, нас барсан хүний тоогоор Дэлхийн 185 орноос 1-рт эрэмбэлэгддэг. Муухай санагдаж байгаа биз дээ. Хавдар судлалын үндэсний төвийн мэдээллээр 2024 онд 8169 хүн хорт хавдартайгаа мэдсэний 4084 нь эрэгтэй, 4085 нь эмэгтэй. Эр, эмгүй энэ өвчнөөр хиарч байна. Яагаад?

Хариулт нь нүүрс. Өвөл биднийг дулаан гэртээ тогтой байлгадаг ачтан бол нүүрс. Хот, хөдөөгүй жилийн 8 сард нь нүүрс түлж, угаарт нь хордож, зарим нь амиа алддаг. Орон сууцны айлууд “Бид нүүрс түлдэггүй” гэж хэлэх байх л даа. Үгүй шүү. Түлдэг. Та бид нүүрсний ачаар л цахилгаан шатаараа гэртээ гялс орж, байрандаа дулаан, гэрэлтэй амьдарч, цахилгаан зууханд цайгаа чанадаг.

Ачит нүүрс ад болсны учир нь найрлаганд нь байдаг химийн хортой бодисуудтай холбоотой.

Нүүрс бол 2А ангиллын хорт хавдар үүсгэгч

Дэлхийн I дайнд германчуудын ашиглахаар судалж байсан бодисын нэг нь диметилсульфид (C2H6S) юм. Энэ асар хортой бодис монгол хүний элгэнд байгааг 2015-2017 онд Испани улсын судлаач Лаура Торренс, Марк Пуйгвэхи нарын 10 гаруй судлаач илрүүлжээ. Үүнийг нь бид 2025 онд мэдэв. Диметилсульфид бол өнгөгүй, хөдөлгөөнтэй, шатамхай, дэгдэмхий, эвгүй, хурц үнэртэй химийн нэгдэл. Маш шатамхай. Шатаавал агаар, хүчилтөрөгчтэй холилдон, нүүрстөрөгчийн давхар исэл, хүхрийн давхар исэл, ус үүсгэнэ. Олон Улсын Хорт Хавдар Судлалын Агентлаг энэ бодисыг 2А ангиллын хорт хавдар үүсгэгч гэж бүртгэжээ.

Энэ бодис нүүрс, нүүрсээр хийсэн бүх түлшинд байдаг. Нүүрсний уурхайгаас ялгардаг эвгүй үнэр диметилсульфидийнх. Уурхайгаас нүүрс ачих үед энэ бодис багахан дэгддэг бол нүүрс шатаах үед агаарт ихээр цацагддаг. Энэ бодисын нөлөөгөөр монгол хүний элэгний эс хувирч, хорт хавдар үүсгэж байгааг тус судалгаагаар илрүүлжээ. Уг судалгаанд олон орны өвчтөнүүдийн элгийг хамруулсан атал тэрхүү шинэ мутац зөвхөн Монгол Улсаас илгээсэн 179 сорьцоос илэрсэн байна.

Энэ судалгаагаар шинэ мутац илрүүлж, SBS Mongolia гэж нэрлэжээ. Уг судалгаанд хамрагдсан монгол өвчтөнүүдийн 25%-иас нь уг мутац илэрсэн байв. Элэгний эсийн хувирсан вирусийг улсын маань нэрээр “Монгол” гэж нэрлэжээ. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг энэ.

Украины Ерөнхийлөгчийг хордуулсан бодис нүүрсэнд бий

Манай улс агаарын бохирдлыг хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон, нарийн болон бүдүүн ширхэгт тоосонцор гэсэн 6 үзүүлэлтээр л хэмждэг. Бусад бохирдуулагчийг хэмжих чадавх манайд байхгүй. Диоксин, фураныг хэмждэггүй. Энэ бол олон хлорт органик бодис. Хүчилтөрөгчийн 2 атомаар холбогдсоныг нь диоксин, 1 атомаар холбогдсоныг нь фуран гэдэг.  

Хорт хавдар үүсгэдэг олон бодис бий. Түүнээс диоксин хамгийн хортой нь болохыг Хавдар Судлалын Олон Улсын Агентлаг тогтоож, хавдар үүсгэгчийн 1-рт жагсаажээ. Эрдэмтэд ч “Шинжлэх ухаанд одоогоор мэдэгдэж байгаа хамгийн хортой бодис” гэж үүнийг тодорхойлсон байна. Диметилсульфидээс диоксин илүү хортой гэсэн үг.

ДЭМБ хүн өдөрт биеийнхээ 1 кг жин тутамд 1-4 пкг диоксин авч болно гэж 1998 онд тогтоож өгсөн юм. Тэгвэл уран 5-15 пкг байхыг ДЭМБ зөвшөөрдөг. Уранаас диоксин илүү хортой гэдгийг энэ хэмжээ харуулна. Пикограмм гэдэг нь 1 граммыг их наяд хуваасантай тэнцэх нэгж шүү дээ.  

Украины 3 дахь Ерөнхийлөгч Виктор Ющенко 2004 онд сонгуулийн үеэр диоксинд хордож, хлорын гэх хэзээ ч эдгэхгүй өвчтэй болсон юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөснийх нь дараа Украины олон иргэн түүнийг таниагүй. Эмч хүн хүртэл “Энэ бол жинхэнэ Ющенко биш” хэмээн генетикийн шинжилгээ хийлгэхийг шаардаж байв.    

Диоксин бол ийм аюултай бодис

Нүүрс түлдэг айл бүр, тэр утаатай агаараар амьсгалдаг хүн бүр диоксинд хордож байгаа. Учир нь диоксин, фураныг хүн газраас олборлодоггүй, үйлдвэрлэдэггүй. Уран шиг газарт байдаггүй. Аливаа юм шатахад үүсдэг бодис. Манайх шиг жилийн 8 сард нь шатдаг бүхнийг түлдэг улсын агаарт диоксин, фуран байхгүй байна гэж хэзээ ч байхгүй.

Ийм болохоор монголчууд элэгний өвчнөөр Дэлхийд тэргүүлж байгаа юм. Хорт хавдартай өвчтөнүүдийн 54% нь орон нутагт, 46% нь нийслэлийн иргэд. Хот, хөдөөгүй нүүрс түлдэг, угаар амьсгалж амьдардаг болохоор тэр. 4 хүн тутмын 1-ээс нь хорт хавдар илэрнэ гэдэг аймшиг. Хүйсээр нь ангилбал 3 эрэгтэй тутмын 1 нь, 4 эмэгтэйн 1 нь хорт хавдарт өртөх эрсдэлтэй байгааг Хавдар судлалын үндэсний төв сэрэмжлүүлж байна. Элэгний хавдартай өвчтөнүүдийн тухайд хүйсийн ялгаа алга. Эр, эмгүй адилхан өвчилж байна.

Тэгвэл манай улс ходоодны хорт хавдар туссан, энэ өвчнөөр нас барсан хүний үзүүлэлтээр Дэлхийд 1-р байр эзэлдэг. 1-р байр шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *