Ховд аймгийн Булган, Үенч суманд өнөөдрийн байдлаар шүлхий өвчний 11 голомт бүртгэгдэж, 1485 толгой мал өвчлөн, 1304 мал устгаад байна. Хамгийн сүүлд Алтай суманд САТ1 хэлбэрийн шүлхий өвчний халдвар нэмж илрэв. Үүнтэй холбогдуулан Булган, Үенч, Алтай сум руу зорчих хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, хатуу хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл “Үенч, Булган суманд хорио цээрийн дэглэм сул байна. Хүмүүсийн зорчих хөдөлгөөн их байна. Дур мэдэн сумаас гарч байна. Чөлөө зөвшөөрөл аваад ч явж байна. Энэ талаар аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын хурлаар хэлэлцлээ. Хөл хорьсон сумаас иргэд хулгайгаар гарч байна. Алтай сум руу дур мэдэн мал оруулсан, хүн зорчсон байна. Тийм учраас шүлхийн халдвар дахин 1 суманд нэмэгдлээ. 6-р сарын 19-нөөс Булган, Үенч, Алтай сумыг хатуу хөл хорионд оруулсан” гэж анхаарууллаа.
Мал сүргийг вакцинжуулах ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан, вакцины дархлаа бүрэн тогтох хүртэл аймаг, сумын Үндэсний баяр наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах саналыг аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр ажиллаж байна.
