БНХАУ-аас захиалан авч буй, шүлхийн САТ1 хэвшлийн 1.6 сая тун вакциныг Монгол Улсын хилээр оруулж иржээ. 1.6 сая тун вакцин гэдэг нь үхэрт тарих тунгаар бодсон хэмжээ аж. Үүнийг бог малд тарих тунд шилжүүлбэл 3.3 сая тун болох юм байна.
Вакциныг өнөөдөр Улаанбаатарт авчирч, Баян-Өлгий, Ховд аймагт хүргүүлэхээр Мал эмнэлгийн ерөнхий газар ажиллаж байна. 6-р сарын 24-нөөс Баян-Өлгий, Ховд аймгийн үхэр, хонь, ямаанд уг тарилгыг нэгэн зэрэг хийж эхэлнэ. Шүлхий гарсан 6 сум, хөрш 4 сумын малыг хамгийн түрүүнд вакцинжуулна.
Алтай, Дэлүүн, Цэнгэл сумын 1.4 сая малд 825 мянган тун вакцин шаардлагатай. Эдгээр малыг 7-р сарын 7-нд тарьж дуусна. Вакцины дараагийн тунг 7-р сарын 21-нд тарьж дуусгана. Нийт 2 удаа вакцин хийж дархлаа тогтох аж.
