Венесуэлд нурангид дарагдаж 5 хоносон 21 настай залууг эсэн мэнд аварлаа


Венесуэлд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах аврах ажиллагааны үеэр Ла Гуайра мужид нурангид тав хоног дарагдсан 21 настай залууг эсэн мэнд аварлаа. Аврагчид Аарон Леви Кантильог барилгын нурангиас гарган эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэрээр нийт 106 цагийн турш дарагдсан байжээ.

Аврагдсаны дараа тэрээр өөрийг нь аварсан хүмүүсийг “Бурхны илгээсэн тэнгэрийн элчүүд” хэмээн тодорхойлж, өөрийгөө амьд гарсан нь жинхэнэ гайхамшиг байсан гэж ярьсан байна. Түүний хэлснээр, аврагчид хэдэн өдрийн турш тасралтгүй ажилласны үр дүнд амийг нь аварчээ.

Үүнээс өмнө буюу зургаадугаар сарын 26-нд мөн Ла Гуайра хотод нурсан барилгын доороос 32 цагийн дараа нэгэн эхийг дөнгөж 18 хоногтой нярайнх нь хамт эсэн мэнд гаргасан юм. Эхийн ярьснаар тэрээр нурангид байх хугацаандаа хүүхдээ энгэртээ тэврэн хамгаалж, аврагчид дуу хоолойг нь сонсох хүртэл тэсэж чаджээ.

Одоогоор Венесуэлд болсон 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1700 давж, 5000 гаруй хүн бэртэж, олон мянган хүн орон гэргүй болжээ. Олон улсын аврах багууд Ла Гуайра болон хамгийн их хохирол амссан бүсүүдэд эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд нурангийн доороос амьд хүн олох найдвар өдөр ирэх тусам буурч буй ч аврагчид ажиллагаагаа зогсоогоогүй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *