Apple-ийн дараагийн үеийн ухаалаг гар утас болох iPhone 18 Pro-той холбоотой дотоод мэдээлэл Энэтхэг дэх Tata Electronics компанид гарсан кибер халдлагын улмаас задарсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Мэдээллийн алдагдалд iPhone 18 Pro-ийн нийлүүлэгчдийн жагсаалт, эд ангийн мэдээлэл, инженерийн баримт бичиг, үйлдвэрийн туршилтын зураг зэрэг өндөр нууцлалтай материалууд багтсан байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр нийт 200 мянга гаруй файл ил болсон бөгөөд үүнд төхөөрөмжийн эд ангийн нарийвчилсан жагсаалт, нийлүүлэлтийн сүлжээний бүтэц, инженерийн схем, дотоод техникийн баримт бичиг, прототип загварын туршилтын материалууд багтжээ. Зарим мэдээллээр алдагдсан өгөгдлийн хэмжээ хэдэн зуун гигабайтад хүрсэн байж болзошгүй байна.
Шинжээчдийн үзэж буйгаар алдагдсан файлуудад Apple-ийн нийлүүлэлтийн сүлжээтэй холбоотой стратегийн чухал мэдээлэл агуулагдсан байж болзошгүй бөгөөд энэ нь компанийн нууцлалд томоохон эрсдэл үүсгэжээ. Түүнчлэн энэхүү хэрэг дэлхийн технологийн салбарын нийлүүлэлтийн сүлжээ кибер халдлагад хэр эмзэг байгааг дахин харуулсан тохиолдол боллоо.
Кибер халдлагыг World Leaks нэртэй ransomware бүлэг үйлдсэн байж болзошгүй талаар мэдээлсэн бөгөөд Apple компани уг асуудлаар одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
