Оросын шөнийн довтолгоонд Киев өртөж, таван хүн шархадлаа


Оросын хүчин долоодугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Украины нийслэл Киев хот руу дрон болон пуужингаар довтолсны улмаас орон сууцны барилгууд өртөж, хотын төвд байрлах зочид буудалд гал гарч, таван хүн шархаджээ.

Агаарын түгшүүр зарлагдсаны дараа Киевийн оршин суугчид метроны буудлууд болон хоргодох байранд орж, аюулгүй байдлаа ханган хоножээ.

Киев хотын дарга Виталий Кличко өөрийн Telegram хуудсаар дамжуулан, хотын төвийн Шевченкогийн өргөн чөлөөнд байрлах зочид буудлын дээвэрт гал гарсныг мэдээлсэн байна. Цахим орчинд нийтлэгдсэн дүрс бичлэгүүдэд барилгын дээд хэсгийг бүхэлд нь хамарсан хүчтэй гал харагджээ.

Тэрбээр дараагийн мэдэгдэлдээ Киев хот баллистик пуужингийн довтолгоонд мөн өртсөн бөгөөд хотын төвийн нэгэн дүүрэгт таван хүн шархадсан гэж мэдээлсэн байна. Харин Reuters агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр, хот даяар хэд хэдэн хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонсогджээ.

Үүнээс өмнө Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський тагнуулын байгууллагуудын мэдээллээр Орос улс шөнийн цагаар томоохон довтолгоо хийх магадлал өндөр байгааг анхааруулсан юм. Тэрээр Ирланд улс Европын Холбооны Зөвлөлийн ээлжит зургаан сарын даргаллаа эхлүүлж буйтай холбогдуулан Дублин хотод айлчилж байсан ч нөхцөл байдал хурцадсаны улмаас айлчлалаа товчилж, эх орондоо буцахаар болсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *