Украины алсын тусгалтай дроны цохилтууд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг урьд өмнөхөөс илүү эрчимтэй онилсны улмаас тус улсад шатахууны хомсдол гүнзгийрч, Москва дотоодын хэрэгцээгээ хангахын тулд анх удаа Энэтхэгээс бензин импортолж эхэлжээ.
Reuters агентлагийн мэдээлснээр, Оросын хэд хэдэн бүс нутагт бензин, дизель түлшний нийлүүлэлт доголдож, шатахуун түгээх станцуудын өмнө урт дараалал үүсээд байна. Эрх баригчид зарим бүсэд борлуулалтад хязгаарлалт тогтоож, түлшний нөөцийг хамгийн түрүүнд хөдөө аж ахуй, нийтийн тээвэр болон батлан хамгаалах салбарт хуваарилах арга хэмжээ авчээ.
Эрчим хүчний салбарын шинжээчдийн тооцоолсноор Украин энэ оны эхнээс хойш Оросын газрын тос боловсруулах үйлдвэр, нефтийн агуулах, экспортын терминал зэрэг эрчим хүчний дэд бүтцэд нийт 190 гаруй амжилттай цохилт өгөөд байна. Зөвхөн тавдугаар сард гэхэд 16 боловсруулах үйлдвэр өртсөн нь нэг сарын хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Үүний улмаас Оросын боловсруулах хүчин чадлын томоохон хэсэг түр хугацаанд ажиллагаагүй болж, дотоодын шатахууны нийлүүлэлт эрс буурсан байна.
Сүүлийн өдрүүдэд Украин Санкт-Петербург орчмын нефтийн терминал, цэргийн байгууламжуудыг мөн онилсон бөгөөд энэ нь Балтын тэнгисийн чиглэлийн түлш, нефтийн ложистикт дахин дарамт учруулжээ.
Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Орос дотоодын хэрэгцээг хангах зорилгоор Энэтхэгээс далайн тээврээр бензин худалдан авч эхэлсэн талаар салбарын эх сурвалжууд мэдээлжээ. Энэ нь дэлхийн хамгийн том газрын тос үйлдвэрлэгчдийн нэг болсон Орос шатахууны хомсдолоо импортын бүтээгдэхүүнээр нөхөхөөс өөр аргагүй болсныг харуулж байна.
Мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин шатахууны нийлүүлэлтэд хүндрэл үүссэнийг хүлээн зөвшөөрсөн ч Украины довтолгоо дайны зорилгыг өөрчлөхгүй гэж мэдэгдсэн байна.
Шинжээчдийн үзэж буйгаар Киевийн зорилго нь газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг устгах замаар Оросын армийн шатахууны хангамж, экспортын орлого, дотоодын ложистикийг зэрэг сулруулах явдал юм. Одоогоор Орост улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хомсдол үүсээгүй байгаа ч шатахууны нийлүүлэлтийн доголдол үргэлжилбэл эдийн засаг болон тээврийн салбарт үзүүлэх дарамт улам нэмэгдэх төлөвтэй байна.
