БНХАУ-ын Чунчин хотоос Лхас хүртэл 2,229 км замыг таксигаар туулсан аяллаа дүрсжүүлсэн Хятадын влогер Ли Яодэгийн бичлэг цахим орчинд асар их хандалт авч, Шизан өөртөө засах орны Соёл, аялал жуулчлалын газраас 500 мянган юань (ойролцоогоор 73.5 мянган ам.доллар)-ын шагнал хүртжээ.
Шизаны аялал жуулчлалыг сурталчлах зорилгоор орон нутгийн эрх баригчид өнгөрсөн сард урамшууллын хөтөлбөр эхлүүлсэн бөгөөд 5 саяас дээш лайк авч, цахим орчинд өргөн тархсан аяллын видео бүтээлд хамгийн өндөр буюу 500 мянган юанийн шагнал олгохоор зарлажээ.
Ли Яодэ зургадугаар сарын 26-нд Чунчинаас цахилгаан таксигаар аяллаа эхлүүлж, долдугаар сарын 2-нд Лхас хот дахь Потала ордонд хүрчээ. Нэг долоо хоног үргэлжилсэн аяллынхаа үеэр тэрээр G318 улсын авто зам дагуух байгалийн үзэсгэлэнт газар, нутгийн хоол, орон нутгийн иргэдтэй хийсэн уулзалтуудаа дүрсжүүлсэн байна. Таксийг Чунчины хоёр жолооч ээлжлэн жолооджээ.
Лхаст хүрснийхээ дараа: “Потала ордны өмнө зогсоход энэ аялал үнэхээр үнэ цэнтэй байсныг мэдэрсэн. Бүх биеэр зарсхийж, юу ч хэлж чадахгүй болсон. Энэ мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Зөвхөн өөрөө ирж үзсэн хүн л ойлгоно” хэмээн ярьжээ.
Мөн “Бусад хүмүүс чамайг хэрхэн харж байгаад хэт санаа зовох хэрэггүй. Амьдрал бол мэдэрч, туулж өнгөрүүлэхийн төлөө байдаг” гэж хэлсэн байна.
Түүний 22 минутын үргэлжлэх уг бичлэг Хятадын богино бичлэгийн платформ Douyin-д нийтлэгдсэний дараа богино хугацаанд 21 сая гаруй лайк, 1.7 сая сэтгэгдэл, 9.9 сая хуваалцалт авч, аялал жуулчлалын сэдэвт хамгийн их хандалттай контентуудын нэг болжээ.
Шагнал хүртсэнийхээ дараа Ли Яодэ хоёр таксины жолоочид тус бүр 10 мянган юань өгч, үлдсэн 480 мянган юанийг хандивлахаа мэдэгдсэн байна.
Энэхүү бичлэг олон нийтийн сүлжээнд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, олон хэрэглэгч Шизанд аялах хүсэл төрсөн гэж сэтгэгдлээ илэрхийлсэн бол зарим нь чанартай контент бүтээгчдийг ийнхүү бодитоор урамшуулсан орон нутгийн эрх баригчдын шийдвэрийг сайшаажээ.
