Трамп: АНУ-ын Засгийн газар есдүгээр сараас хэвийн ажиллаж чадахгүйд хүрнэ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сард Холбооны Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсох (government shutdown) эрсдэл өндөр байгааг анхаарууллаа. Тэрбээр Бүгд найрамдах намын сенаторуудад Сенатын филибастер (хуулийн төслийн хэлэлцүүлгийг хязгааргүй сунгаж санал хураалтыг саатуулдаг журам)-ыг цуцалж, төсөв болон бусад чухал хуулийн төслүүдийг яаралтай батлахыг уриалсан байна.

Трампын хэлснээр, хэрэв филибастерыг хэвээр үлдээвэл Ардчилсан нам төсвийн хуулийг дэмжихгүй бөгөөд үүний улмаас есдүгээр сард Засгийн газрын санхүүжилт тасалдаж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хэсэгчлэн зогсох нөхцөл үүсэж болзошгүй аж. Мөн тэрбээр Ардчилсан нам эрх баривал Вашингтон хот болон Пуэрто Рикод мужийн статустай болох боломж олгож, Сенат болон Төлөөлөгчдийн танхим дахь улс төрийн давуу байдлаа нэмэгдүүлэхийг оролдоно хэмээн мэдэгджээ.

АНУ-ын Конгресс 2026 оны есдүгээр сарын 30-наас өмнө дараагийн санхүүгийн жилийн төсөв эсвэл түр санхүүжилтийн тухай хууль баталж амжихгүй бол Холбооны Засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогсдог. Ийм нөхцөл үүсвэл олон мянган төрийн албан хаагч цалингүй чөлөөнд гарах, үндэсний парк, музей зэрэг төрийн үйлчилгээ түр хаагдах зэрэг хүндрэл гардаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *