Францын баруун өмнөд хэсгийн Жиронд (Gironde) мужид гарсан томоохон ой хээрийн түймэр богино хугацаанд 100 гаруй га талбайг хамарч, өтгөн утаа ойр орчмын бүс нутгийг бүрхжээ. Түймэр Бордо хот болон Кап-Ферре хойгийн хооронд орших Сомос (Saumos) суурингийн ойролцоох ойд дэгдсэн байна.
Түймрийн улмаас эрх баригчид Сомос тосгоны орчмын 600 оршин суугчийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлж, Лакано (Lacanau) орчмын аялал жуулчлалын алдартай далайн эрэг рүү чиглэсэн авто замын хөдөлгөөнийг түр өөрчилжээ. Гал сөнөөгчид өндөр температур, хуурайшилт, хүчтэй салхитай нөхцөлд түймрийг тогтоон барихаар ажиллаж байна.
Францын цаг уурын албаны мэдээлснээр, сүүлийн хэдэн долоо хоног үргэлжилсэн хэт халалт, гангийн улмаас баруун, баруун өмнөд болон зүүн өмнөд бүсүүдэд ой хээрийн түймрийн эрсдэл энэ долоо хоногийн турш маш өндөр хэвээр байх төлөвтэй байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан Францын өмнө нь түймэр харьцангуй бага гардаг бүс нутгуудад ч томоохон ой хээрийн түймэр гарах тохиолдол эрс нэмэгдэж байгаа юм.
