Чилийн Атакама муж дахь Паскуа Лама (Pascua Lama) уурхайн төсөлд ажиллаж байсан 39 уурхайчин их хэмжээний цас орсны улмаас уулын баазад гацсан хэвээр байна. Цасан шуурганы улмаас уулын бүс рүү хүрэх бүх зам хаагдаж, аврах ажиллагааг эхлүүлэх боломжгүй болсон гэж албаныхан мэдээлжээ.
Чилийн Уул уурхайн холбооны ерөнхийлөгч Уго Пересийн мэдээлснээр, уурхайчид шөнөдөө -28 хэмийн хүйтэнд халаалтгүй нөхцөлд хонож байгаа бөгөөд усны шугамууд хөлдсөнөөс болж ахуйн хэрэглээний усгүй болсон байна. Тэрээр уурхайчдын аюулгүй байдалд санаа зовниж буйгаа илэрхийлж, аврах ажиллагааг яаралтай зохион байгуулахыг эрх баригчдаас шаарджээ.
Харин уг төслийг эзэмшигч Barrick Mining компани энэ мэдээллийг няцааж, уурхайчдын биеийн байдал хэвийн байгаа гэж мэдэгдэв. Компанийн мэдээлснээр кемпэд хангалттай хэмжээний хүнс, ундны ус, эмнэлгийн хэрэгсэл байгаа бөгөөд эмч байнгын жижүүртэй ажиллаж байгаа аж.
Barrick компани цаг агаар сайжирвал долдугаар сарын 24-нд хувийн нисдэг тэргээр уурхайчдыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Гэвч хүчтэй цас, салхи үргэлжилж байгаа нь аврах ажиллагаанд гол саад болж байгаа талаар Чилийн хэвлэлүүд мэдээлжээ.
Паскуа Лама нь Чили, Аргентины хил дээр, далайн түвшнээс 4,500 метрээс дээш өндөрт оршдог уул уурхайн томоохон төсөл бөгөөд өвлийн улиралд цаг агаар эрс хүндэрдэг бүс нутагт байрладаг юм.
