Ши Жиньпин есдүгээр сарын 24-нд АНУ-д төрийн айлчлал хийнэ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2026 оны есдүгээр сарын 24-нд АНУ-д төрийн айлчлал хийхээр төлөвлөсөн болохыг мэдэгдлээ. Тэрээр энэ талаар Вашингтонд болсон эрчим хүч, хиймэл оюуны (AI) асуудлаарх арга хэмжээний үеэр мэдээлсэн байна.

Трампын хэлснээр, айлчлалын гол сэдвүүдийн нэг нь хиймэл оюуны хөгжлийн өрсөлдөөн, хамтын ажиллагаа байх аж. Тэрээр “Бээжинд уулзах үеэрээ энэ асуудлыг ярилцсан, Вашингтонд дахин хэлэлцэнэ” хэмээн онцолжээ.

Энэхүү айлчлал нь Трампын энэ оны тавдугаар сард Бээжинд хийсэн төрийн айлчлалын үеэр Ши Жиньпинд Цагаан ордонд зочлох урилга өгснөөс хойших дипломат харилцааны үргэлжлэл болж байна. Сүүлийн долоо хоногуудад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар уулзаж, айлчлалыг амжилттай зохион байгуулах, хоёр тал хамтран ажиллах боломжуудыг хэлэлцсэн байна.

АНУ, БНХАУ-ын харилцаа худалдааны тариф, Тайванийн асуудал, өндөр технологийн экспортын хязгаарлалт зэрэг олон асуудлаас шалтгаалан хурц хэвээр байгаа ч хоёр тал төрийн тэргүүнүүдийн уулзалтаар эдгээр асуудлыг тогтворжуулахыг зорьж байгаа юм. Шинжээчид энэхүү уулзалтыг дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн харилцаанд чухал нөлөө үзүүлэх уулзалт болно гэж үнэлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *