АНУ-ын Висконсин мужийн зүүн хэсгээр долдугаар сарын 27-ны үдээс хойш хүчтэй хар салхи дайрч, олон барилга байгууламжид эвдрэл учруулан, олон мянган өрхийг цахилгаангүй болгожээ.
Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн дүрс бичлэгүүдэд Менаша хотод байшин, барилга байгууламжууд ноцтой эвдэрч, томоохон модод үндсээрээ сугарч, автомашинууд онхолдсон байдал харагдаж байна.
Мөн хар салхи ойролцоох Апплтон хотыг ч дайрч, эд хөрөнгийн хохирол учруулжээ. Одоогоор хүний амь нас эрсэдсэн эсэх болон бэртэж гэмтсэн хүмүүсийн талаарх албан ёсны мэдээлэл гараагүй байна.
Орон нутгийн эрх баригчид хохирлын хэмжээг тогтоож, сэргээн босгох болон цахилгаан хангамжийг хэвийн болгох ажлыг үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: Ройтерс
