Өнгөрсөн долоо хоногт Испанийн Хойд Африк дахь Сеута анклав руу хууль бусаар нэвтэрсэн олон цагаач наймдугаар сарын 5-ны өдөр хашаалсан далайн эрэг дээр хоног төөрүүлэн байрлаж байна.
Цагаачдын урсгал олон нийтийн сүлжээнд түгсэн бичлэгүүдийн дараа эрчимжжээ. Анх цөөн тооны залуус далайг сэлж Сеутад хүрсэн тухай мэдээлэл тархсан ч удалгүй хэдэн арван мянган хүн Европт хүрэх найдлага тээж далайгаар олноороо нэвтрэхийг оролдсон байна.
Албан ёсны мэдээллээр энэ үеэр 80 гаруй хүн живж амиа алдах эсвэл хөл үймээний үеэр дарагдан нас баржээ.
Цагаачдын урсгал нэмэгдэхэд Испанийн Дээд шүүхийн саяхан гаргасан шийдвэр нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна. Тус шүүх Сеута болон Мелилья орчимд тэнгисээс баригдсан цагаачдыг хил дээр нь шууд буцаах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Гэхдээ хуульчдын тайлбарласнаар энэ нь тэднийг дараа нь эх оронд нь буцаахыг хориглосон гэсэн үг биш аж.
Гэсэн ч уг шийдвэрийг олон нийтийн сүлжээнд буруу тайлбарлаж, “Сеутад газар эсвэл далайгаар хүрч чадвал Испаниас буцаахгүй” гэсэн ташаа ойлголт түгсэний улмаас илүү олон хүн аюултай аялалд гарсан байна.
Сеута нь Европт шинэ амьдрал эхлүүлэхийг зорьсон Африк тивийн цагаачдын гол чиглэлүүдийн нэг хэвээр байгаа ч сүүлийн үйл явдал хууль бус шилжилт хөдөлгөөний эрсдэлийг дахин тод харууллаа.
