АНУ, Ираны хоорондын хурцадмал байдал дахин нэмэгдэж, Дэлхийн газрын тосны зах зээлд шинэ эрсдэл үүсээд байна. Иран улс стратегийн ач холбогдолтой Ормузын хоолойгоор АНУ, Израилтай холбоотой гэж үзсэн усан онгоцуудыг нэвтрүүлэхгүй байх тухай хуулийн төсөл боловсруулж эхэлсэн. Энэ нь хөрөнгө оруулагчдыг илүү их болгоомжлоход хүргэжээ.
Ормузын хоолойгоор Дэлхийн газрын тосны 20 хувь дамжин өнгөрдөг. Энэ тээвэрт саад учирвал Дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт тасалдаж, үнэ өсөх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна. Үүний улмаас брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 83 ам.доллар, WTI газрын тосны үнэ 78 ам.доллар хүрч өслөө.
Зах зээлд үүссэн тодорхойгүй байдлын улмаас хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгөөс болгоомжилж, хувьцааны зах зээлд савлагаа нэмэгдсэн байна. Эсрэгээрээ аюулгүй хөрөнгөд тооцогддог алтны эрэлт өсөх хандлага ажиглагдаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэдийгээр Ирантай холбоотой мөргөлдөөн удахгүй намжина гэсэн байр суурь илэрхийлсэн ч Ормузын хоолойн ирээдүйн зохицуулалт тодорхойгүй хэвээр байгаа нь эрчим хүчний зах зээлийн хамгийн том эрсдэл болж байна.
