Герман улсын Лейпциг/Халле нисэх онгоцны буудлын ачаа тээврийн бүсэд тэсрэх бодис агуулсан дрон илэрсэн байна. Уг хэрэгтэй холбогдуулан тус улсын ерөнхий прокурор мөрдөн шалгах ажиллагааг өөрийн хяналтад авч, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн байж болзошгүй гэж үзэн шалгаж эхэлжээ.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр уг дрон нь тэсрэх бодис тээвэрлэж байсан бөгөөд хэргийн цаад зорилго, холбогдох этгээдүүдийг тогтоохоор ажиллаж байна.
Хэргийг терроризм болон гадаадын тусгай албаны оролцоотой байж болзошгүй хувилбаруудыг ч үгүйсгэхгүйгээр шалгаж байгаа бөгөөд одоогоор албан ёсоор сэжигтэн зарлаагүй байна.
Германы эрх баригчид энэхүү хэргийг нисэх буудал болон улсын чухал дэд бүтцийн аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал гэж үзэж, аюулгүй байдлын арга хэмжээг чангатгажээ.
