АНУ-д төрсөн хүүхдэд иргэншил олгох журмыг хязгаарлах зорилготой хоёр шинэ захирамжид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын 6-нд гарын үсэг зурлаа. Энэ нь өнгөрсөн зургадугаар сард Үндсэн хуультай зөрчилдөнө гэсэн үндэслэлээр шүүхэд саатсан өмнөх бодлогоо шинэ хэлбэрээр хэрэгжүүлэх гэсэн хоёр дахь оролдлого болж байна.
Захирамжид юу тусгав?
Шинэ захирамжаар бүх хүүхдийн иргэншлийг шууд цуцлаагүй. Харин дараах ангилалд хамаарах хүүхдүүдийн иргэншлийг хязгаарлахыг зорьжээ.
- АНУ-д зөвхөн хүүхдээ төрүүлэх зорилгоор ирдэг “төрөх аялал” (birth tourism)-ыг таслан зогсоох.
- Гадаад улсын төрийн зарим ажилтан, дипломат эрхтэй хүмүүсийн хүүхдийн иргэншлийн хүрээг нарийсгах.
- “Гадаадын дайсан” буюу терроризмтой холбоотой гэж ангилсан хүмүүсийн хүүхдэд иргэншил олгохгүй байх.
- Төрийн департамент болон Дотоод аюулгүй байдлын яаманд төрөх аялал зохион байгуулдаг компани, визийн зөрчилтэй тэмцэх шинэ арга хэмжээ боловсруулах үүрэг өгөх.
Яагаад маргаан дэгдэв?
АНУ-ын Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтөд “АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн бөгөөд АНУ-ын харьяалалд байдаг бүх хүн АНУ-ын иргэн мөн” гэж заасан байдаг. Дээд шүүх энэ оны зургадугаар сарын 30-нд энэ заалтыг дахин баталгаажуулж, Ерөнхийлөгчийн өмнөх захирамж Үндсэн хуультай нийцэхгүй гэж шийдвэрлэсэн юм.
Цаашид юу болох вэ?
Цагаачлалын эрхийн байгууллагууд болон хуульчид шинэ захирамжууд мөн л шүүхэд маргаан үүсгэж, хэрэгжилт нь зогсох магадлал өндөр гэж үзэж байна. Харин Цагаан ордон энэ удаагийн захирамж нь Дээд шүүхийн зөвшөөрсөн хязгаарлагдмал, үл хамаарах тохиолдлуудад тулгуурласан учир хууль ёсны гэж тайлбарлаж байна.
