Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд 7 дугаар сарын 31-нд оролцож явсан мотоциклтэй эмэгтэйг гэрлэн дохион дээр зогсож байхад нь автобусны жолооч араас нь зориуд мөргөсөн бичлэг цахим орчинд цацагдсан. Уг автобусны жолоочид хариуцлага тооцсоноо Нийтийн тээврийн бодлогын газар өнөөдөр мэдээллээ.
Нийтийн тээврийн бодлогын газрын мэдээлэлд “Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан жолооч Б-д хариуцлага тооцон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, MNS 5012:2026 “Зорчигч тээвэрлэлт. Ангилал ба ерөнхий шаардлага” стандарт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.6 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.3.4, 14.4.6 дахь заалт, Сахилгын арга хэмжээ тооцох хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажлаас нь чөлөөллөө. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч та бүхэн хэн хэндээ хүндэтгэлтэй хандан, соёлтой оролцохыг уриалж байна” гэжээ.
