Тэнгэрийн онгоцны солирын бороо (Perseids) 8 дугаар сарын 12, 13-нд Дэлхийд ойртож ирнэ. Үүнийг яг энэ өдөр ажиглахад маш сайн харагддаг. Энэ бороо жил бүрийн 7 дугаар сарын 17-ноос 8 дугаар сарын 24-ний хооронд Дэлхийд ойртдог. Өнөө жилийн хувьд 8 дугаар сарын 12-ны шөнөөс 8 дугаар сарын 13-ны өглөөгүүр оргилдоо хүрнэ. Оргил үедээ дунджаар 60 солир манай гарагийн агаар мандалд орж ирдэг.
Свифт-Таттл сүүлт одны хэлтэрхийнүүдээс үүсгэсэн энэ солирыг анх 1862 онд илрүүлсэн байна. Тэнгэрийн онгоц ордын солирын урсгал гэрэлтэй хурц солир ихтэй гэдгээрээ одон орончдын дунд маш алдартай.
Энэ үзэгдлийг шөнө дунд харанхуй үед ажиглахад тохиромжтой. Солир Тэнгэрийн онгоц одны ордоос цацрах боловч тэнгэрийн аль ч хэсэгт харагдах боломжтой. Хэрэв 8-р сарын 12-13-нд шилжих шөнө тэнгэр цэлмэг байва уг бороо тод үзэгдэнэ. Энэ жил эл үзэгдэл битүүн болон шинэ Сартай давхцаж байгаа тул Сарны гэрэл солирыг бүдгэрүүлэхгүй. Тиймээс яг өдийд харах нь маш том давуу тал.
Монгол Улсад амьдарч байгаа хүмүүсийн хувьд 8-р сарын 11-12-нд шилжих шөнө болон 12-13-нд шилжих шөнө тэнгэр ажиглахад онцгой сонирхолтой. Улаанбаатарт шинэ сар 8-р сарын 13-ны 01:36 цагт тохионо. Тэгэхээр 12-ны шөнө Сар ердөө 1 орчим хувь гэрэлтэх болно. Тиймээс шөнө дунд өнгөрснөөс хойш үүр цайхын өмнөх үе хүртэл тэнгэр ширтвэл солирын бороо харагдах нь ээ.
Улаанбаатараас солирын бороо үзэх цаг:
- 22:00–00:00 цаг. Цөөн солир харагдаж эхэлнэ
- 00:00–02:00 цаг. Маш сайн харагдана.
- 02:00–04:30 цаг. Хамгийн тохиромжтой
- 04:30–05:30 цаг . Сайн харагдар хэвээр
- 05:30-аас хойш. Үүр цайж эхэлнэ
Тэнгэрийн онгоц (Персейд) солир хойд, зүүн хойд зүгт байрлана. Гэхдээ солир тэр цэгээс бүх чиглэлд урт зураас татаж байгаа мэт харагддаг.
Энэ үзэгдлийг Улаанбаатарын төвөөс үзэхэд хотын гэрэл маш их саад болно. Тиймээс хотын гэрлээс холдох, уул, барилгагүй тэнгэрийн хаяа харагдах газарт очих, мод, байшин багатай газар байх, гар утасны дэлгэцээ аль болох бага ашиглахыг зөвлөе.
Телескоп хэрэггүй. Харин тухтай сандал дээр сууж, дэвсгэр дээр хэвтээд, тэнгэрийг харах нь хамгийн сайн. Нүд харанхуйд дасахад 20-30 минут зарцуулдаг тул гадагш гарсан даруйдаа олон солир харагдахгүй байж болно.
Тэнгэрийн онгоцноос цагт 50-100 солир харагдаж болно гэсэн тооцоо бий. Гэхдээ маш харанхуй тэнгэр, сайн харагдацтай үед тэнгэрийг бүхэлд нь ажиглахад шүү дээ.

Яагаад солирын бороо гэж нэрлэдэг вэ?
Үнэндээ энэ бол сансраас олон том чулуу бороо шиг унаж байгаа хэрэг биш. Тэнгэрийн онгоцны солирын бороо нь 109P/Swift–Tuttle хэмээх сүүлт одны үлдээсэн тоос, мөс, жижиг чулуулгийн хэсгүүдээс үүсдэг. Дэлхий Нарыг тойрон аялахдаа жил бүр энэ сүүлт одны үлдээсэн тоосон замыг дайран өнгөрдөг. Тэр жижиг хэсгүүд Дэлхийн агаар мандалд ойролцоогоор 1 секундэд хэдэн арван км-ийн хурдтай орж ирээд, маш их халж, гэрэлтдэг. Үүнийг газраас харахад харваж буй од шиг үзэгдэнэ. Гэхдээ тэр нь од биш. Хэдхэн миллиметрээс хэдэн сантиметр хэмжээтэй тоос, чулуу агаар мандалд шатаж байгаа үзэгдэл юм.
Гэхдээ бодит байдал дээр солирууд Тэнгэрийн онгоц одны орчмоос гарч ирдэггүй. Дэлхий дээрээс харахад тэдний зам нэг цэгээс тал тал тийш тарж байгаа мэт харагддаг учраас ингэж нэрлэдэг.
