Огторгуйд 2026.08.12-нд 4 сонин үзэгдэл болох гэж байна. Энэ өдөр Нар хиртэх, солирын бороо орох, гарагууд жагсах юм. 8 дугаар сарын 12-нд Сар харагдахгүй, битүүн болно. Энэ үзэгдлийн оргил үе нь Улаанбаатарын цагаар 01:37 цагт тохионо. 12-13-нд шилжих шөнө тас харанхуй болох тул огторгуйн бүдэг биетүүдийг ажиглахад тохиромжтой.
Үүнээс гарагуудын жагсаалыг сонирхуулъя. Энэ өглөө үүр цайх үед хэд хэдэн гараг тэнгэрийн нэг хэсэгт нэг шугамын дагуу байрласан мэт харагдана. Зарим судлаач үүнийг “Гарагуудын жагсаал” гэж нэрлэдэг. Гэхдээ гарагууд яг нэг шулуун дээр жагсана гэсэн үг биш.
Дэлхийгээс харахад тэд Нарны аймгийн нийтлэг хавтгайн дагуу байрласан учраас тэнгэрт нэгэн төрлийн нум буюу мөр үүсгэсэн мэт харагддаг. Бид үүнийг маш холоос харж байгаа болохоор гарагууд нэг шугамд жагссан мэт үзэгддэг.
8-р сарын 12-ны өглөө Буд, Ангараг, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далайн ван гэсэн 6 гараг нэгэн зэрэг тэнгэрийн бүсэд харагдах боломжтой гэж одон орон судлаачид мэдээллээ. Эдгээрийг бүгдийг нь энгийн нүдээр харах боломжгүй. Өглөөний тэнгэрт Ангараг, Санчир хамгийн боломжийн харагдана. Нар өглөө тэнгэрийн хаяанд байх тул Буд, Бархасбадь Нарны гэрэлд дарагдах эрсдэлтэй. Ялангуяа Тэнгэрийн ван, Далайн ванг дурангаар ажиглах шаардлагатай.
Гарагуудын жагсаал Монголоос харагдах уу?
Харагдана. Гарагуудын жагсаалыг Монголоос 8-р сарын 12-ны өглөө үүрээр, Нар мандахаас өмнө ажиглах нь зөв. Улаанбаатарын цагаар 04:00-05:00 цагийн хооронд гадагш гараарай. 04:20-04:50 цагийн хооронд энэ үзэгдэл хамгийн тод харагдана.
Гадаа гарч, тэнгэрийн хаяа сайн харагдах газарт очоорой. Зүүн, зүүн өмнөд зүг рүү тэнгэрийн хаяа руу хар. Санчир гараг хамгийн тод харагдана. Тэгээд Ангараг. Бархасбадь, Буд тэнгэрийн хаяанд маш доор байгаа. Үүнийг үүр цайхын өмнөх гэрэлд харахад хэцүү. Тэнгэрийн ван, Далай ванг энгийн нүдээр харах боломжгүй шахуу. Тиймээс дуран/телескоп хэрэгтэй.
Болж өгвөл хотын гэрлээс хол, тэнгэрийн хаяа чөлөөтэй харагдах газар сонгоорой. Говь, талд бол бүүр сайн. Өндөр барилга, уул, мод тэнгэрийн хаяаг хааж байвал Буд, Бархасбадийг олоход бүр хэцүү болно.
Улаанбаатарт 8-р сарын 12-нд Нар 05:42 цагт мандана. Үүнээс өмнө амжуулах хэрэгтэй.
Ямар гараг хэзээ хамгийн тод харагдах вэ?
- 03:30–04:00 цаг. Санчир, Ангараг зэрэг гарагийг хайхад тохиромжтой.
- 04:00–04:30 цаг. Гарагуудын жагсаалыг ажиглаж эхлэх үе.
- 04:30–05:00 цаг. Ангараг, Санчир илүү тод харагдана. Бусад 4 гарагийг тэнгэрийн хаяанаас хайгаарай.
- 05:00–05:30 цаг. Үүр цайж эхэлнэ.
- 05:42 цаг. Нар мандана.
