Америкийн рэппер Эминем хувийн цуглуулгадаа олон жил хадгалсан 117 хос пүүзээ бүгдийг нь гарын үсэгтэйгээр буяны дуудлага худалдаанд орууллаа. Дуудлага худалдааг “Julien’s Auctions” зохион байгуулж байгаа аж. Бүх орлогыг түүний “Marshall Mathers” санд хандивлана.
Цуглуулгад “Nike”, “Air Jordan”, “Adidas”, PUMA зэрэг брэндийн пүүз багтсан байна. Зарим нь Эминемийн карьерын онцлох мөчүүдтэй шууд холбоотой ховор загварууд ажээ. Тус дуудлага худалдаа Эминемийн хамгийн том, нэг удаагийн цуглуулгыг олон нийтэд санал болгож буйгаараа онцлог юм.
Хамгийн их анхаарал татаж буй нь “Air Jordan 3”, “Slim Shady”, “Player Exclusive” пүүз юм. Ердөө 45 хос үйлдвэрлэсэн уг загварын нэгийг Эминем 2022 оны “Super Bowl LVI”-д хагас цаг тоглохдоо өмсжээ. Тус пүүзийг 25,000–35,000 ам.долларт хүрнэ гэж үнэлсэн байна.
Мөн “Eminem x Carhartt x Air Jordan 4” сурталчилгааны ховор загвар, 2017 оны “Encore” Air Jordan 4, 2024 онд Саудын Арабын Riyadh хотод тайзан дээр өмссөн “Nike Air Max 90” зэрэг пүүз энэ дуудлага худалдаанд багтжээ.
Сонирхолтой нь бүх пүүз Эминемийн гараар зурсан “Shady” гарын үсэгтэй. Ихэнх нь өөрийнх нь хувийн цуглуулгаас гаралтай. Зарим нь анхны хайрцагтайгаа байгаа аж. Энгийн загваруудын эхлэх үнэ 25 ам.доллар байхад ховор, цуглуулгын загваруудын үнэ хэдэн мянган ам.доллароос эхэлж байна.
Дуудлага худалдаанаас орсон бүх орлогыг Детройт болон түүний ойролцоох эмзэг, эрсдэлт бүлгийн хүүхэд, залуучуудад зориулсан хөтөлбөрүүдэд зарцуулна. Дуудлага худалдааны эцсийн өдөр 2026 оны 8-р сарын 25. Одоогоор онлайнаар үнийн санал хүлээн авч байгаа аж. Эцсийн худалдааг Лос-Анжелесийн цагаар 8-р сарын 25-ны 10:00 цагт явуулна.
Эх сурвалж: Julien’s Auctions, Reuters Connect, Artnet, Detroit News
