Итали улсын Сицили арал дээр оршдог Этна галт уул идэвхтэй дэлбэрч байна. 2026 оны 8-р сарын 14-ний байдлаар дэлбэрэлт үргэлжилж, үнс агаарт их хэмжээгээр тархаж байна.
Этна бол Европын хамгийн өндөр, хамгийн идэвхтэй галт уулын нэг юм. Энэ удаагийн дэлбэрэлтээрээ уг уул 5000-8000 метр өндөрт үнс, нурам цацаж буй аж. Үнс нурам агаарт тасралтгүй тархсанаар ойролцоох суурин газруудын агаар бохирдож, алсын юм үзэгдэхээ больж, онгоцны зарим нислэг саатахад хүрсэн байна.
Катаньягийн нисэх буудал галт уулын үнсний улмаас нислэгүүдээ түр зогсоолоо. Олон зуун нислэг цуцлагдсан бол зарим онгоцыг өөр нисэх буудал руу шилжүүлсэн байна. Үнсний үүл Сицилиэс өмнө зүгт 220 орчим км зайд орших Мальтад хүрч, тэнд 19 нислэг цуцлагджээ.
Энэ оны 8-р сарын 6-нд идэвхжиж эхэлсэн эл уул өмнөх дэлбэрэлтүүдээсээ илүү эрчимтэй, удаан үргэлжилж байна. Эрдэмтдийн тайлбарласнаар газрын гүнээс хий ихтэй магма дээшилж байгаа нь үнс ихээр үүсэхэд нөлөөлж буй аж.

Одоогийн дэлбэрэлтийн гол эрсдэл нь лаавын урсгалаас гадна галт уулын үнс юм. Үнс нисэх онгоцны хөдөлгүүрт маш аюултай тул агаарын хөдөлгөөнийг хаах шаардлагатай болдог.
Италийн Геофизик, галт уул судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээллээр дэлбэрэлт галт уулын зүүн өмнөд тогоонд 2900 м өндөр болж, агаарт найман км өндөрт унс, нурам цацжээ. Тогооноос урсаж буй халуун хайлмаг Валле дел Бове хотгор болон өмнөд зүгт хэдэн зуун метр урссан байна.
2013 оны зургаадугаар сард Этнаг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэсэн. 2017 оны гуравдугаар сард болсон ээлжит дэлбэрэлтийн үеэр 10 хүн гэмтэж, бэртэж байжээ.

