Япон улсын Токио хотын зүүн хэсгийн Чиба мужид наймдугаар сарын 13-14-нд өмнө нь тохиолдоогүй их аадар орлоо. Аадрын үеэр үүссэн үерт 4 хүн амиа алдан, 1 хүн сураггүй болсон тухай “Reuters”, AP агентлаг мэдээллээ.
Зарим бүсэд 24 цагийн дотор 360 миллиметрээс илүү хур тунадас унасан бол Чиба хотод ганцхан цагийн хугацаанд 115 миллиметр бороо оржээ. Цаг уурын байгууллагын мэдээлснээр энэ нь тухайн бүсэд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болов. Авто зам, төмөр зам болон орон сууцны барилга байгууламжууд үерт автсан байна.
Нарита олон улсын нисэх буудлын галт тэрэг болон авто замын цахилгаан холболт тасалдаж, ойролцоогоор 7000 зорчигч нисэх буудалд хоножээ. Нисэх буудлын ажилтнууд зорчигчдод хөнжил, ус, хүнс тараасан байна.
Чиба мужийн олон арван мянган өрх цахилгаангүй болж, томоохон хурдны замуудын зарим хэсэг хаагдсан байна. Эрх баригчид мөн ойролцоогоор 230 мянган хүнд нүүлгэн шилжих зөвлөмж өгч, аврах ажиллагаанд Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчдыг дайчилжээ.

Одоогоор бороо намдсан ч дахин хүчтэй хур тунадас орох төлөвтэй байгаа тул үер болон хөрсний гулгалтын аюул бүрэн арилаагүй байна. Японы эрх баригчид иргэдийг гол мөрөн, үерт автсан зам болон хөрсний гулгалт үүсч болзошгүй бүсээс хол байхыг анхааруулжээ.
Ройтерсийн мэдээлснээр, Нарита нисэх буудлын нислэгүүд 8-р сарын 14-нд ерөнхийдөө хэвийн үйл ажиллагаагаа явуулах төлөвтэй байсан ч зарим нислэг саатах эрсдэл арилаагүй байна.
