Шатахууны үнийг үндэслэлгүй нэмэх, зах зээлд зохиомол хомсдол үүсгэх, шалтгаангүйгээр шатахуун зарахгүй байх зэрэг зөрчлөөс сэргийлэх чиглэлээр Монополын эсрэг газар Улаанбаатар хот дахь ШТС-уудыг шалгаж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монополын эсрэг газрын улсын байцаагч нар ажиллаж, нийслэлийн 6 дүүрэгт шатахуун жижиглэн борлуулалт эрхэлж буй ШТС-уудад хяналт шалгалт хийлээ. Уг шалгалтад “Сод Монгол групп”, “Тэс петролиум”, “Петростар”, “Магнай трейд”, “Шунхлай петролиум”, “Аргаль-Ойл”, “Монсуль”, “Горгаз” ХХК-ийн ШТС-уудыг хамруулжээ.
“Сод Монгол групп” ХХК-ийн ШТС-1, ШТС-2, ШТС-3, ШТС-13, ШТС-39, ШТС-42, ШТС-43 салбар АИ92 бензиний нөөц байгаа ч хэрэглэгчдэд тодорхойгүй шалтгаанаар борлуулахгүй байгаа аж. Зарим ШТС-аа хаажээ. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 10.2.7-д заасан “Хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар бараа, ажил, үйлчилгээний хиймэл хомсдол үүсгэсэн” гэсэн заалтыг зөрчсөн байж болзошгүй аж. Иймд уг асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна.
“Тэс петролиум” ХХК-ийн нэгэн салбарын эрхлэгч О хэд хэдэн хэрэглэгчээс хувийнхаа дансаар төлбөр авч, дараалал харгалзалгүй бензин өгчээ. Үүнийг тус компани илрүүлж, 8 дугаар сарын 11-нд Монополын эсрэг газарт хандан, шалгуулсан байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан “Хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” зөрчилд хамаардаг. Тиймээс 2 сая төгрөгөөр торгожээ.
Архангай аймгийн Чулуут суманд үйл ажиллагаа явуулдаг “Оргих цогт ундарга” ХХК-ийн ШТС 1 литр АИ92 бензинийг 4.500 төгрөгөөр борлуулж байгаа тухай гомдол Монополын эсрэг газарт иржээ. Уг мэдээллийн дагуу тус ШТС-д зөрчлийн хэрэг нээн, шалгаж байна.
