Хойд Африкийн Алжир улсыг хамарсан хүчтэй халууны давалгаа үргэлжилж байна. Энэ үеэр хэд хэдэн мужид ой, хээрийн түймэр дэгдэж, түүнд өртсөн 12 хүн амиа алдаж, 54 хүн түлэгджээ.
Хамгийн хүнд нөхцөл тус улсын зүүн хойд хэсэгт орших Жижель мужид үүсээд байна. Энд түймрийн улмаас 5 хүн амиа алджээ. Тус мужийн оршин суугчид түймэр суурин газрууд руу ойртож, орон байр, автомашин, мод ургамал, мал, амьтдад ихээхэн хохирол учруулж байгааг мэдээлжээ.

Жижель мужийн зарим иргэн түймрийн улмаас гэр орноо орхиход хүрч, өтгөн утаа орчин тойрныг бүрхсэн тухай нутгийн иргэд ярьж байна. Хүн амьдардаг бүсэд аюул учирсан тул хэд хэдэн айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ.
Тус улсын Дотоод хэргийн сайд Саид Саюдын мэдээлснээр, түймрийн улмаас Жижельд 5, Бежая мужид 4, Тизи Узу мужид 3н хүн амиа алдсан байна. Гэмтэж бэртсэн 54 хүний 6-гийнх нь биеийн байдал хүнд байгаа аж. Тэдэнд эрчимт эмчилгээ хийж байна.

Тус улсын Иргэний хамгаалалтын албаны мэдээллээр, лхагва гарагт улсын хэмжээнд 154 ой, хээрийн түймэр гарчээ. Зөвхөн Бежая мужид 36 түймэр гарсны 18-ыг нь хяналтад авч чадсан байна.
Алжирын хойд хэсэг зуны улиралд ой, хээрийн түймэрт өртөх нь элбэг байдаг ч энэ удаагийн түймэр Хойд Африкийг хамарсан онцгой хүчтэй халууны давалгаатай давхцсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Аврах, гал унтраах багууд хэд хэдэн мужид түймрийн голомтыг хяналтад авахын төлөө ажиллаж байгаа аж. Эрх баригчид цаг агаарын хэт халалт үргэлжилж буйтай холбоотойгоор дахин түймэр гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж байгаа тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
