Балба, Төвөдийн хил орчмын Гималайн нуруунд мөсөн гол, хад асга нурсны улмаас үүссэн үерт хэдэн зуун хүн амиа алдаж, мянга гаруй хүн сураггүй болоод байна. Эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа ч шинэ үер болох эрсдэл аврагчдын ажиллагааг хүндрүүлж байна.
“Reuters” агентлагийн хамгийн сүүлийн мэдээллээр, 8 дугаар сарын 26-нд болсон гамшгийн улмаас Балба, Хятадын Төвөдийн өөртөө засах орны хил дагуух бүс нутагт дор хаяж 270 хүн амиа алдаж, 1,000 гаруй хүн сураггүй болжээ.
Гамшиг Гималайн өндөрлөг дэх мөсөн голын хэсэг болон их хэмжээний хад чулуу уулын бэл рүү нурж, голд орсноор эхэлсэн гэж шинжээчид үзэж байна. Үүний дараа мөс, чулуу, шавар, усны асар хүчтэй урсгал доош түрж, Балбын суурин газрууд болон Төвөдийн Гирон боомт орчмыг хамарсан байна.

Балбын талд олон суурин, зам гүүр, эрчим хүчний байгууламжууд сүйдэж, жуулчид болон мөргөлчид олноороо сураггүй болжээ. Тухайн бүс Кайлаш уул болон бусад шашин, аялал жуулчлалын чиглэлээр зорчдог хүмүүсийн гол маршрутын нэг учраас гадаадын иргэд олон байжээ.
Төвөдийн Гирон бүсэд нөхцөл байдал мөн хүнд хэвээр байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Төвөдийн нутагт 3 хүн амиа алдсан нь батлагдаж, сураггүй болсон хүмүүсийн тоо 558-д хүрэв. Тэдний дунд гадаадын 260 иргэн байгаа талаар Хятадын төрийн телевиз мэдээллээ.
Аврагчид голын эрэг дагуу шавар, чулуугаар дарагдсан суурингуудыг шалгаж, амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайж байна. Гэвч гамшгийн бүсийн зам, холбоо харилцаа, цахилгаан хангамж ихээхэн эвдэрсэн нь ажиллагааг хүндрүүлж байгаа аж.

Мөн гамшгийн улмаас голын урсгал хаагдан шинээр усан сан, нуур үүссэн нь эрх баригчдын хамгийн том болгоомжлолын нэг болоод байна. Усны түвшин нэмэгдэж, хаалт сэтэрвэл доод хэсгийн суурин газруудыг дахин хүчтэй үерлэх эрсдэлтэй тул хоёр улсын эрх баригчид ойр орчмын иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Эрдэмтдийн урьдчилсан үнэлгээгээр, өндөр уулын бүсийн мөсөн гол болон уулын чулуулгийн тогтворгүй байдал гамшигт нөлөөлсөн байж болзошгүй байна. Сүүлийн жилүүдэд Дэлхийн дулаарал, мөсөн гол хайлан, цас мөсний тогтоц өөрчлөгдөж буй. Гималайн нуруунд энэ нь гэнэт гамшиг нүүрлэх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг шинжээчид анхааруулсаар иржээ.
Одоогоор Балба, Хятадын аврах багууд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Сураггүй болсон хүмүүс, амь үрэгдсэн хохирогчдын талаарх мэдээлэл цаашид өөрчлөгдөх төлөвтэй байна.
